ОРОС, УКРАИНЫ АСУУДЛААР ХЯТАДЫН БАРИМТАЛЖ БУЙ БАЙР СУУРЬ
ОРОС, УКРАИНЫ АСУУДЛААР ХЯТАДЫН БАРИМТАЛЖ БУЙ БАЙР СУУРЬ
Сүүлийн үед Украинд явуулж буй ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхийн улс орнууд байр сууриа илэрхийлсээр байна. АНУ, НАТО тэргүүтэй Өрнөдийн орнууд Украиныг дэмжиж, зэр зэвсэг, мөнгө санхүүгээр хангаж, ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч байна. Харин дэлхийн бусад орнуудын хувьд зарим нь Оросыг илт дэмжиж, зарим нь Орост нааштай хандаж байгаа ч түүнийгээ ил гаргахгүй байхыг хичээж, гуравдахь нь төвийг сахьсан байдалтай байна.
ОХУ-тай сайн харилцаатай, нөлөө бүхий орны хувьд энэ асуудлаарх Хятадын байр суурьт АНУ, Өрнөдийн орнууд онцгой анхаарал тавьж байна. Хятад Улсын зүгээс ОХУ-д идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлбэл Өрнөдийнхөний тавьсан хатуу хориг ямар ч үр дүнгүй болно гэж тэд айж болгоомжилж байна.
Оросууд Украин руу довтолж эхэлсэнээс хойш Хятад улс Оросын Холбооны Улсын цэргийн тусгай ажиллагааг ил тод буруушаагаагүй, харин ч Оросын аюулгүй байдлын асуудлыг хайхарч үзээгүй, нэг улсын аюулгүй байдлын төлөө бусад улсын аюулгүй байдлыг хохироож болохгүй, Оросын эсрэг хориг арга хэмжээ олон улсын хамтын ажиллагаанд уршигтай гэх зэргээр Өрнөдийн орнуудыг шүүмжлэх хандлагатай байлаа.
Хятадын албан ёсны байр суурь
Орос, Украины мөргөлдөөны анхны өдрөөс л Хятад улс өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гол нь ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч болон НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн түвшинд байр сууриа илэрхийлж байв. Харин Хятадын Гадаад хэргийн сайд Ван И 3 дугаар сарын эхээр Хятадын албан ёсны байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Тухайлбал,
1. Хятад улс бүх орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж хамгаалах, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг чанд баримталахын төлөө тууштай байдаг. Энэ байр суурь тууштай, тодорхой бөгөөд Украинд ч мөн адил хамаарна.
2. Хятад улс аюулгүй байдлын нийтлэг, иж бүрэн, хамтын, тогтвортой үзэл баримтлалыг эрхэмлэдэг. Нэг улсын аюулгүй байдлыг бусад орны аюулгүй байдалд хохирол учруулах замаар, бүс нутгийн аюулгүй байдлыг цэргийн эвслийг бэхжүүлэх, өргөжүүлэх замаар хангах боломжгүй. Улс орнуудын хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй байдлыг хүндэтгэх ёстой. НАТО дорно зүгт таван удаа тасралтгүй тэлж буй нөхцөлд Оросын аюулгүй байдлын хууль ёсны асуудалд нухацтай хандаж, зохих ёсоор шийдвэрлэх ёстой.
3. Хятад улс Украины асуудлын явцыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд өнөөгийн нөхцөл байдал нь бидний харахыг хүсэхгүй байгаа зүйл юм. Украины нөхцөл байдлыг улам дордуулах, бүр хяналтаас гарахаас сэргийлэхийн тулд бүх талууд хүлээцтэй хандах шаардлагатай. Иргэний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг найдвартай хангах ёстой бөгөөд томоохон хэмжээний хүмүүнлэгийн хямралаас урьдчилан сэргийлэх нь онцгой чухал юм.
4. Хятад улс Украины хямралыг энхийн замаар зохицуулах дипломат бүх хүчин чармайлтыг сайшаан дэмжиж байна. Орос, Украины хооронд аль болох хурдан шууд яриа хэлэлцээ хийхийг Хятад улс дэмжиж байна. Украины асуудлын хувьсал нь нарийн төвөгтэй түүхэн үйл явц. Украин бол их гүрнүүдийн хоорондын сөргөлдөөний зааг хил биш, харин зүүн, баруун хоёрыг холбосон гүүр байх ёстой. Европын аюулгүй байдлын тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой механизмыг бүрдүүлэхийн тулд Европын аюулгүй байдлын асуудлаар ЕХ, ОХУ-ын хооронд эрх тэгш яриа хэлэлцээ хийхийг Хятад улс мөн дэмжиж байна.
5. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлыг зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэж, бүс нутгийн энх тайван, бүх улс орны хамтын аюулгүй байдлыг тогтвортой байлгахад анхаарлаа хандуулах ёстой гэж Хятадын тал үзэж байна. Аюулгүйн зөвлөлөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хурцадмал байдлыг намжаах учиртай болохоос хурцадмал байдлыг улам дэвэргэх ёсгүй, хурцадмал байдлыг дипломат арга замаар шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой. Иймээс Хятад улс хүч хэрэглэх, хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн VII бүлгийг иш үндэс болгосон Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг ямагт дэмжихгүй байгаа гэж мэдэгдсэн юм.
Ван И цааш нь хэлэхдээ, “Хятад улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, хариуцлагатай том гүрний хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ үргэлж үнэнчээр биелүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Энх тайван, аюулгүй байдлын асуудлын тухайд Хятад улс хамгийн сайн амжилт бүхий том гүрэн юм. Бид хэзээ ч бусад улс орнууд руу дайрч байгаагүй, нөлөөллийн хүрээг эрэлхийлж байгаагүй, цэргийн эвслийн сөргөлдөөнд хэзээ ч оролцож байгаагүй. Хятад улс энх тайван хөгжлийн замыг тууштай баримталж, хүн төрөлхтний нэгдмэл хувь заяатай хамтын нийгэмлэг байгуулахын төлөө байна. Бид цаашид ч бүх жанжлагч гүрнийг тууштай эсэргүүцэж, хөгжиж буй орнууд, ялангуяа жижиг дунд орнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно”1гэжээ.
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэхүү байр сууриа Франц, Англи, Испани зэрэг Өрнөдийн орнуудын Гадаад хэргийн сайд нар, Европын холбооны удирдлагуудтай уулзах, утсаар ярих үедээ удаа дараа мэдэгдсэн билээ.
Үүний зэрэгцээ Өрнөдийн орнууд Хятадын байр суурийг мушин гуйвуулж байгааг эсэргүүцэж няцаалт хийж ирсэн. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь “Хятадын байр суурь олонх орнуудын хүсэл эрмэлзэлтэй адилхан юм. Хятадын эсрэг үндэслэлгүй зэмлэл, хардлага хийхийг бид эсэргүүцэх бөгөөд аливаа дарамт шахалт үзүүлэхийг бүр хүлээн зөвшөөрөхгүй. Хятадын баримталж буй байр суурь түүхийн зөв талд байгааг цаг хугацаа батлах болно”2 гэж мэдэгдсэн.Тэрээр НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдэлтэй холбогдуулж Украины асуудлаар Хятад улс байнга үнэн худал, зөв бурууг сайтар ялгаж тодруулах зарчмыг баримтлан, хурцадмал байдлыг намжааж, хямралыг эв зүйтэй зохицуулан, энх тайвныг сэргээхийн төлөө хүчин чармайлт гаргасаар ирсэн гэж онцлон тэмдэглэжээ.
Украины асуудлаарх Хятад улсын байр суурь өөрийн үнэлгээн дээр тулгуурладаг, түүнийг хилийн чанадаас буруутгаж буйг хүлээн зөвшөөрөхгүй, Бээжинд шахалт үзүүлэх гэсэн бүх оролдлогыг үгүйсгэж байна гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И мөн мэдэгдсэн.
ОХУ Украинтай хийсэн дайнд Хятадаас цэрэг, эдийн засгийн тусламж хүссэн тухай Өрнөдийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлж байсанг хятадын тал мөн үгүйсгэсэн юм.
Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр удаа дараа Оросын санал санаачилгыг дэмжиж, Оросын эсрэг НҮБ-ын ЕА-н чуулганы тогтоолд түдгэлзсэн байр суурь баримталсан нь хятадын талын байр суурийн тодорхой илрэл гэж үзэж болно.
Хятадын олон нийтийн хандлага
Хятадын хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд гарч байгаа мэдээллээс үзвэл Хятадын ард түмэн, олон нийт ерөнхийдөө ОХУ-ыг дэмжсэн байдалтай байна. Хятадын засгийн газраас хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд хатуу хяналт тавьдаг. Гэтэл интернэт сүлжээнд Оросын талыг дэмжсэн мэдээ мэдэгдлүүд хаа сайгүй гарсаар байна. Бүр В.Путинийг магтан сайшаах нь энгийн үзэгдэл мэт байна. Ер нь Хятадад түүхийн улбаатай Америкийн эсрэг үзэл, Орост нааштай хандах сэтгэгдэл байдаг. Харин энэ талаар эсрэг үзэл бодолтой хүмүүсийг сэтгэгдэл бичих эрхийг нь хаасан аж.
Цахим орчинд Оросын талыг шүүмжилсэн, дайны эсрэг жагсаалыг дэмжсэн дүрс бичлэг оруулвал Хятад улс шууд устгаж байна. Жишээ нь Оросыг цэргээ татаж авахыг уриалсан Хятадын их сургуулийн таван профессорын ил захидлыг интернетээс устгажээ.
Хятадын төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Украинд болж байгаа үйл явдлын талаар хамгийн аядуу өнгө аясаар мэдээлж байна.
Хятадууд Украинд болж байгаа үйл явдлуудыг ашиглан Америкийн эсрэг үзлийг улам дэвэргэх хандлагатай байна. Америкийн Ерөнхийлөгч Жо Байдены явуулж буй үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан мэдээ мэдээлэл нийтлэгдэж байгаа бол Хятадын төрийн мэдлийн "Глобал Таймс" сонинд "Украин бол Америкийн шатрын хүү" хэмээн тодотгох агуулга нэмэгдсэн нь илт анзаарагдаж байна. “Global Times” сонин Оросын эсрэг барууны хориг арга хэмжээний нөхцөл байдлыг үнэлэн бичихдээ, Москвагийн эсрэг барууны эвсэл маш эмзэг бөгөөд гишүүн орнууд бодит хохиролтой тулгарах тусам улам найдваргүй болж байна. Барууныхан эдийн засгийн дайнд ялагдана гэдэгт Хятад итгэлтэй байна3 гэжээ.
Саяхан Герман дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд болсон нэгэн тоглолтод Хятадын хөгжмийн хамтлаг "Катюша" дууг хятад хэлээр дуулжээ. Хятадад энэ дуу ОХУ-тай харилцах найрамдалт харилцааны илэрхийлэл, бэлгэ тэмдэг болсон дуу юм. Урлагийнхан эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн нь ганц энэ биш ажээ.
АНУ, Өрнөдийн орнуудаас Хятадад үзүүлж буй дарамт шахалт
АНУ болон Европын орнуудын удирдагчид Хятад улсыг Оросын эсрэг өөрсдийн үйл ажиллагаанд татан оруулах гэж элдэвээр оролдож байна. Үүний тодорхой илрэл нь АНУ, Франц, Испанийн Ерөнхийлөгчид, Германы канцлер, Европын холбооны удирдлагууд Хятад улсын дарга Ши Жиньпин болон бусад удирдлагуудтай цахим уулзалт хийж, байр сууриа илэрхийлж буй явдал юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден энэ оны 3 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй цахим уулзалт хийж, хоёр орны харилцаа, Украины нөхцөл байдал зэрэг асуудлаар саналаа солилцжээ. Байден Америкийн талын байр суурийг танилцуулж, Украины асуудлаар Хятад улстай зөвшилцөж, байдал цаашид улам хурцдахаас зайлсхийхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Харин хятадын тал дэлхийн халуун цэгийн асуудлыг эвээр зохицуулах, хориг арга хэмжээ авахын хор хохирол, хүмүүнлэгийн хямралаас сэргийлэх, эртхэн гал зогсоох, том гүрнүүд харилцан хүндэтгэж, хүйтэн дайны сэтгэхүйгээ орхих, хуваагдан сөргөлдөхгүй байж, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой дэлхийн болон бүс нутгийн аюулгүйн тогтолцоог байгуулахын чухалыг онцлон тэмдэглэсэн4 нь анхаарал татаж байна.
Орос, Украины мөргөлдөөний улмаас Хятад, Европын холбооны харилцаа улам ээдрээтэй болж байна. Украины нөхцөл байдлын талаар ЕХ, Хятад хоёр эсрэг тэсрэг санал бодолтой байна. ЕХ Хятадыг барууны талыг баримтлахыг шаардаж, ОХУ-д хориг арга хэмжээг тойрч гарахад туслахгүй байхыг анхааруулж байна. “Хориг арга хэмжээг дэмжихгүй юмаа гэхэд ядаж түүнд хөндлөнгөөс оролцохгүй байх хэрэгтэй гэдгийг бид Хятадад ойлгуулсан. Эс тэгвэл энэ нь Бээжингийн нэр хүндэд хүчтэй цохилт болно"5 гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Хятад-ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн.
Европын Зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель ч түүнийг дэмжээд "Европын хориг арга хэмжээг тойрч гарахад ОХУ-д дэмжлэг үзүүлэхийн тулд Хятад улс ямар алхам хийхийг Европын холбоо хянаж байх болно" 6гэж цохон тэмдэглэсэн байна.
Үүнээс үзэхэд ЕХ БНХАУ-ын эсрэг нэлээд ширүүн үг хэллэгийг сонгож, гал зогсооход Орост нөлөө үзүүлэхийн тулд илүү тодорхой бодлого явуулах, барууны хориг хязгаарлалтыг тойрон гарахад Москвад туслахгүй гэдгээ амлахыг Хятад улсаас шаардаж байгаа нь тодорхой байна.
Харин Хятад улс “төвийг сахисан байр суурийг баримталж ирсэн, одоо ч гэсэн энэ бодлогоо баримталсаар байгаа бөгөөд Оросын ашиг сонирхлыг харгалзан үзсэн аюулгүй байдлын тогтолцоог бий болгох шаардлагатай” гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна.
Хятад улс "нөхцөл байдлыг хурдан намжааж, гал зогсоохын төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй бүтээлчээр хамтран ажиллахад бэлэн байна” гэж мөн мэдэгдсэн. Үүний зэрэгцээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин ЕХ-г “Хятадтай харилцахдаа бие даасан бодлого явуулахыг”7 уриалсан.