Жил бүр БНХАУ-ын улс төрийн амьдралд болдог хоёр гол үйл явдал бол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын болон Бүх Хятадын Ардын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн чуулганууд юм. Энэ оны 3 дугаар сарын 4-11-ны өдрүүдэд БНХАУ-ын 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 2 дугаар чуулган, мөн 14 дэх сонгуулийн БХАУТЗЗ-ийн 2 дугаар чуулган нэгэн зэрэг болж өнгөрлөө. Хоёр чуулган нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол чиглэлийг хэлэлцэж, улс орны улс төр, нийгэм эдийн засгийн амьдралын бүхий л асуудлаар үндсэн чиглэл өгдөг учраас улс төрийн хамгийн чухал үйл явдалд тооцогддог.
Түүнчлэн, энэ удаагийн хуралдаанууд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд, олон улсын нөхцөл байдал хүндэрсэн, Хятадын шинэчлэлийн сорилтыг даван туулж байгаа нөхцөлд болж байна.
Энэ удаагийн чуулганд 2956 депутат оролцож, 2023 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт, цаашдын чиглэлийн тухай Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны илтгэл, 2024 оны холбогдох төсөл, 2023 оны төв, орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн тайлан, энэ оны төсөл, БХАТИХ-ын Байнгын хороо, Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын газрын ажлын тайлан зэрэг 7 асуудлыг хэлэлцжээ.
Дээр дурдсан уламжлалт асуудлуудаас гадна "БНХАУ-ын Төрийн зөвлөлийн зохион байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" БХАТИХ-ын Байнгын хорооноос гаргасан саналыг хэлэлцсэн нь анхаарал татаж байна.
“Хоёр чуулган”-ын хамгийн чухал асуудал бол Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянгийн тавьсан илтгэл бөгөөд түүнд цаашдын хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлсон байна.
Юуны өмнө ДНБ-ий өсөлтийн зорилтыг 5 хувь гэж тодорхойлжээ. Өнгөрсөн оны эцсээр Хятадын ДНБ 5.2 хувиар өссөн. ДНБ-ий ийм хэмжээний өсөлт нь Хятадын удирдлага хэт их хөгжлийн хурдыг ямар ч үнээр хамаагүй олж авах биш, харин өндөр технологи, ногоон эрчим хүч, илүү нийгэмд чиглэсэн эдийн засгийн бодлогоор дамжуулан өндөр чанартай хөгжилд шилжих стратегийн чиглэлийг хэрэгжүүлж байгаатай холбоотой. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “өндөр чанартай” хөгжлийн энэхүү бодлогод байгаль орчныг хамгаалахад онцгой анхаарал хандуулсан юм. Ши Жиньпин дарга Хятадын Ардын Чөлөөлөх Арми, Хятадын Ардын Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн уулзалтын үеэр хөгжлийн хүндийн төвийг өндөр, шинэ технологид шилжүүлэх стратегийн талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Хоёр чуулганы үеэр уламжлал ёсоор Хятадын удирдагчид гол бодлогоо тодорхой болгохын тулд ийм уулзалтуудыг ашигладаг.
Хууль тогтоогчид шинэчлэл ба өндөр чанартай бүтээмж бүхий шинэ үйлдвэрлэлийн хүчийг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, олон улсын худалдаа-хөрөнгө оруулалтын төслүүд, түүний дотор "Нэг бүс-нэг зам" санаачилга, эдийн засаг, нийгмийн хамгааллын хөтөлбөр, түүүнчлэн хувийн хэвшлийг хөгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.
Ерөнхий сайд Ли Чянгийн тодорхойлсон гол тоон үзүүлэлтүүдийн дунд инфляцийн хамгийн дээд түвшин 3% байна гэжээ. Өнгөрсөн онд Хятадад үнэ, тэр дундаа өргөн хэрэглээний барааны үнэ буурах хандлагатай байсан юм.
Цэргийн төсөв 7.2 хувиар нэмэгдэж, 1.5 их наяд юань (ойролцоогоор 224 тэрбум доллар) болсонд барууны орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. Гэсэн хэдий ч 2023 онд яг ижил өсөлт буюу 7.2%, 2022 онд мөн ойролцоогоор ижил байна. Хятад улс батлан хамгаалах салбараа тууштай бэхжүүлж байгаа бөгөөд түүнд хөрөнгө мөнгө хэрэгтэй.
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цяны илтгэлээс үзвэл, Хятад улс "нээлттэй хаалга"-ны бодлогоо үргэлжлүүлж, тус улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тэр дундаа "гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үндэсний журам хэрэгжүүлнэ" гэсэн байна. БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн сайд Жин Жуанлун хэлэхдээ, энэ онд Хятад улс боловсруулах аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтад тавьсан бүх хязгаарлалтыг цуцалж, өндөр нэмүү өртөгтэй харилцаа холбооны үйлчилгээний салбарыг гадаадынханд туршилтаар нээж өгөх бодолтой байна гэжээ.
БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн "Хоёр чуулганы үеэр" хэлэхдээ, Хятад улс өмнөх жилүүдийн адил "ногоон", "ухаалаг" тээврийг эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулна. Тус улс ухаалаг зам, ухаалаг төмөр зам, ухаалаг боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэр, цэвэр эрчим хүчээр ажилладаг тоног төхөөрөмж улам бүр ашиглагдаж байна. Хятадын нийтийн тээвэрт эрчим хүчний шинэ эх үүсвэрээр ажилладаг тээврийн хэрэгслийн эзлэх хувь аль хэдийн 77.6% болоод байна гэжээ.
Энэ жилийн "Хоёр чуулган"-аас харахад БНХАУ-ын удирдлага цаашдын хөгжлийн зорилт, бодлогоо шинэлэгээр тодорхойлж, өнөөгийн хүндрэлийг (эрэлт буурсан, зарим бүс нутагт хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн асуудал) харж, эдгээр сорилтод авах хариу арга хэмжээний төлөвлөгөөтэй байгаа бололтой.
Синьхуа агентлаг засгийн газрын ажлын тайлангийн гол зүйлийг түүвэрлэн хэвлэсэн байна. Үүнд:
— 2024 онд ДНБ-ий өсөлтийн зорилт: ойролцоогоор 5 хувь
— Хот, суурин газрын ажил эрхэлж буй хүн амын өсөлт: 12 сая гаруй хүн
— Төсвийн алдагдал ДНБ-тэй харьцуулахад: 3 хувь
— Орон нутгийн засаг захиргааны зорилтот бонд: 3.9 их наяд юань
— Засгийн газрын хэт урт хугацаатай тусгай бонд гаргах
— “Хиймэл оюун ухаан +(нэмэх)” үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх
— Хувьсгалт болон дэвшилтэт технологийн хөгжлийг эрчимжүүлэх
— “Хэрэглээг дэмжих жил” хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах
— Төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалт: 700 тэрбум юань
-Дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх
— Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үндэсний дэглэм нэвтрүүлэх
— Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээрт нэгдэх хүчин чармайлтыг идэвхжүүлэх.
— Гадаад ертөнцөд нээлттэй байдлаа өндөр түвшинд өргөжүүлэх
— Орон нутгийн засаг захиргааны жижиг, дунд санхүүгийн байгууллагуудад хүлээсэн өр төлбөртэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн эрсдэл, эрсдэлийг арилгах.
— Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хангах
- Эрчим хүчний хувьсгалыг дэмжих
-“Тайваний тусгаар тогтнол”-ыг дэмжигчдийн салан тусгаарлах үйлдлийг эсэргүүцэж, гадны хүчний хөндлөнгийн оролцоог тууштай эсэргүүцэх.
— Олон улсын харилцаанд тэгш байдал, шударга ёсыг баримталэх.