Унгарын Еранхий сайд Виктор Орбан тус улсын Парламентад хэлсэн үгэндээ, Украины эрх баригчид Закарпатын Унгарчуудын эрхийг баталгаажуулсан өмнөх хуулиудыг буцааж хэрэглэх хүртэл олон улсын ямар ч форумд Украиныг дэмжихгүй гэж мэдэгджээ. В.Орбаны хэлснээр, Украины эрх баригчид тэнд байгаа Унгар сургуулиудыг "олон жилийн турш" хавчиж, Закарпати дахь сургуулиудыг Украины сургууль болгохыг хүсч байгаа бөгөөд эс тэгвээс эдгээр сургуулийг хаахаар заналхийлж байна гэжээ.
Унгарын Ерөнхийлөгч Каталин Новак 9 дүгээр сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ, Украины Закарпатын бүс нутагт 115 мянган унгар үндэстэн амьдардаг бөгөөд Киев үндэсний цөөнхийн эрхийг "үгээрээ биш, харин үйлдлээр" хамгаалж, хүндэтгэхийг уриалсан юм.
Өмнө нь Унгарын эрх баригчид Закарпатын унгарчуудыг төрөлх хэлээрээ орон нутгийн сургууль, их дээд сургуульд суралцах эрхийг нь зөрчиж байна гэж удаа дараа мэдэгдэж, хэрэв Украины төр, засгаас Закарпатын Унгарчуудын эрхийг зөрчихөө зогсоохгүй бол Украины Европын Холбоонд элсэх хүсэлтийг дэмжихгүй гэдгээ онцолж, байсан.
Украины Дээд Рада (Парламент) 9 дүгээр сарын 21-нд үндэсний цөөнхийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн дагуу үндэсний цөөнхийн хэлийг сурталчилгаа, янз бүрийн арга хэмжээний үеэр, тусламж үзүүлэхдээ ашиглах, түүнчлэн сурах бичгийг үнэ төлбөргүй хэвлэн нийтлэхийг зөвшөөрсөн юм.
Европын Зөвлөлийн Венецийн комисс өнгөрсөн 6 дугаар сард үндэсний цөөнхийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зөвлөмжийг Украинд өгсөн юм. Үүний дараа Унгарын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Тамас Менцер хэлэхдээ, комиссын шийдвэр нь Украинд амьдарч буй үндэсний цөөнх эх хэлээрээ суралцах эрхтэй гэдгийг харуулж байна гэсэн юм.
Украины үндэсний цөөнхийг гадуурхсан бодлого, үйл ажиллагаа нь хөрш зэргэлдээ Унгар, Румын, Орос, Польш зэрэг орны дургуйцлыг хүргэж байгаа билээ.