Хятад улсын санаачлан хэрэгжүүлж байгаа “Бүс ба зам” чуулга уулзалт энэ сарын 17-18-ны өдрүүдэд Бээжин хотод боллоо. Чуулга уулзалтад дэлхийн 130 гаруй орон, Олон улсын 30 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцсоны дотор 23 орны төр, засгийн тэргүүн байсан байна. Тус чуулга уулзалт дэлхийн олон нийтийн анхаарлын төвд байлаа. Энэ удаагийн чуулга уулзалтын зарим онцлог зүйлийн талаар сэтгэгдлээ бичье гэж бодлоо. Үүнд:
1. Юуны өмнө энэ удаагийн чуулга уулзалт 10 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж байгаагаараа онцлог юм. Одоогоос 10 жилийн тэртээд 2013 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэхүү санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд энэ удаагийн чуулга уулзалт нэг ёсондоо 10 жилийн хугацааны ажлаа дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойлсон гэж үзэж болно. Одоогоор тус хөтөлбөрийн хүрээнд 150 гаруй орон Хятадтай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулаад байна. Төсөлд хамрагдаж буй орнуудын хүн ам дэлхийн нийт хүн амын 63 хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээр улсын ДНБ нь 21 их наяд доллараас давж байна. Арван жилийн хугацаанд “Бүс ба Зам” санаачилга нь бараг 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татаж, 3 мянга гаруй хамтарсан төслийг бий болгожээ. Энэ төслийн талаар дараа тодорхой мэдээлэл жич оруулна.
2. Энэ удаагийн уулзалтад АНУ болон Европын холбооны гишүүн орнуудаас төр, засгийн удирдлагын түвшинд ганцхан Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан оролцлоо. Энэ нь тэднийг албан ёсоор уриагүйтэй холбоотой болов уу. Нөгөө талаар өнөөгийн олон улсын харилцааны нөхцөл байдалтай ч холбоотой байж болох юм.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан энэ үеэр Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзсан нь яах аргагүй олны анхаарал татсан үйл явдал болов. ОХУ-ын Украинд явуулж буй тусгай ажиллагаа эхэлснээс хойш Европын холбооны орны удирдагчдаас Ерөнхийлөгч Путинтэй уулзсан анхны удирдагч болж байна. В.Орбан хэлэхдээ “Унгар улс Оростой хэзээ ч сөргөлдөхийг хүсээгүй, харин ч Унгарын зорилго бол Оростой харилцаагаа өргөжүүлэх явдал байсан, иймээс харилцаа холбоотой байж, эдийн засгийн түвшинд хамтын ажиллагаагаа хадгалахад бэлэн байна гэжээ. Ерөнхийлөгч Путин энэ уулзалтын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаныг "Оросыг дэмжигч" улс төрч гэж нэрлэж байгаа хүмүүстэй санал нийлэхгүй байна, тэрээр Европын бусад удирдагчдаас ялгаатай байр суурь баримталдаг учраас биш, харин ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах зоригтой байгаа учраас л дайрч байна" гэж Путин хэлсэн нь ортой байх.
3. Энэ уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны гол зочиноор уригдаж оролцсон нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Хятадын талаас ч Ерөнхийлөгч В.В.Путингийн оролцоог бүх талаар онцлон харуулсан нь ( Нээлтийн ёслолын ажиллагаанд Ши Жиньпин даргын дараа шууд үг хэлэх боломж олгосон, хүндэтгэлийн зоог, ёслолын зураг авахуулах зэрэг бүхэл арга хэмжээнд Путин хамгийн хүндтэй зочин байсан) өрнөдөд өгсөн дохио мэт харагдаж байна. Нөгөө талаар Хятадын зүгээс Хятад, Оросын харилцаанд маш чухал ач холбогдол өгч байгааг харуулсан хэрэг гэж үзэж болно.
4. Хятад, Оросын дээд хэмжээний яриа хэлэлцээ, хоёр орны удирдагчдын хэлсэн үг зэргээс харахад хоёр тал олон улсын харилцааны өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд олон улсын болон хоёр талын харилцааны зарчмын гол асуудлуудаар нэгдмэл ойлголт, ижил төстэй байр суурьтай байгаа нь харагдлаа. ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин, БНХАУ-ын Ли Цян нар удахгүй Бишкект болох уулзалтын ( ШХАБ-ын Ерөнхий сайд нарын уулзалт Бишкект болох юм ) үеэр хоёр орны 2030 он хүртэл хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурна гэж Путин мэдэгдсэн. Хоёр орны удирдагчдын ойр дотно уулзалт, яриа хэлэлцээ нь өрнөдийн зарим судлаачид “өрнөдын эсрэг эвсэл” гэсэн нэр томьёог ашиглахад хүргэсэн бололтой.
5. Энэхүү чуулга уулзалтад манай улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, үг хэлсэний зэрэгцээ ОХУ болон БНХАУ-ын удирдлагуудтай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийж зарим тодорхой тохиролцоонд хүрчээ. ОХУ-тай нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой ханган нийлүүлэх, Монголын экспортын татварын асуудлыг удахгүй болох Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон бол БНХАУ-тай хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна. Манай улсын хувьд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд олон ажил хийхээр олон жил яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд өнөөгийн хамгийн чухал асуудал бол яриа хэлэлцээнээс бодит ажилд шилжих явдал юм.
Манай өмнөд хөршид болсон энэхүү чухал арга хэмжээний талаар дэлхий нийтийн хэвлэл мэдээллээр өргөн сурталчилсан учраас тэр бүрийг давтан нуршихгүйгээр зөвхөн өөрт төрсөн сэтгэгдлээ бичлээ. Энэ аугаа том төслийн хүрээнд цаг алдалгүй, маш идэвхтэй ажиллаж, улс орондоо хэрэгтэй зүйлийг авч хэрэгжүүлэх нь чухал байгааг хэлэхийг хүсч байна.