Европын орнуудад болж байгаа сүүлийн үеийн үйл явдлууд дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Европ дэлхийн хөгжлийг түүчээлэгчдын нэг байсаар ирсэн.Харин сүүлийн үеийн байдал нь ихээхэн эргэлзээ төрүүлэх болоод байна.
Европын холбоо байгуулагдснаар тус тивийн орнууд нэгдмэл байдлаар хөгжих үүд хаалга нээгдсэн бөгөөд хүрээгээ тэлсээр одоогоор Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл болоод байна. Европын холбоо цаашид ч хүрээгээ тэлэх сонирхолтой, гэвч энэ нь зарим сорилт бэрхшээл дагуулаад байна.
Европ тивд байгаа нөгөө нэг хүчирхэг байгууллага нь НАТО. Хүйтэн дайн дуусч НАТО буюу Умард Атлантын Гэрээний Байгууллагын эсрэг зогсох хүч болж байсан Варшавын Гэрээний байгууллага 1991 оны 7 дугаар сард татан буугдаж, Зөвлөлт Холбоот Улс 12 дугаар сард нь задрах үед АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв нар НАТО-г зүүн зүгт тэлэхгүй гэж аман тохиролцоо хийсэн тухай яриа байдаг ч НАТО 5 удаа хүрээгээ тэлж одоо үндсэндээ Оросын хил дээр ирээд байна. Одоо Украин, Гүржийг гишүүнээр элсүүлэх яриа идэвхтэй явагдаж байна.
Энэ хоёр байгууллагыг дурддагийн учир нь эдгээр байгууллага, түүний удирдлага нь Европын дотоод, гадаад бодлогыг тодорхойлж, тэдний үйл ажиллагаанаас тус тивийн энх тайван, хөгжил, тогтвортой байдал хамаарч байгаатай холбоотой. Чухамхүү тэдний бодлого, үйл ажиллагаанаас болж өнөөдөр Европ тивд дайн дэгдэж, улс төр, эдийн засгийн ноцтой хямрал үүсээд байна.
Зүүн болон Баруун Европын орнуудын хөгжлийн ялгаа, үзэл бодлын зөрүүнээс үүссэн асуудлууд, дүрвэгсдын асуудал, эдийн засгийн хямрал, дотоодын эсэргүүцэл жагсаал цуглаан зэрэг шийдвэрлэх асуудал маш их байсаар атал ЕХ, НАТО-гийн удирдлагууд Оросын эсрэг үзлийг улам дэвэргэж, ямар ч аргаар хамаагүй Оросыг “дарж авах” гэсэн харалган бодлого явуулж байгаа нь тус тивийн байдлыг улам хурцатгаж байна.
Оросын эсрэг үйл ажиллагаандаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд, ялангуяа Украин, Гүрж, Молдав болон Балтын 3 улсыг идэвхтэй ашиглаж байна. Энэ бодлогынхоо хүрээнд 2014 онд Украинд төрийн эргэлт хийж, неофашист, нацист дэглэм тогтоосон нь байдлыг улам хурцатгаж, өнөөгийн дайнд хүргээд байна. Энэ дайны ноцтой үр дагавараас заримыг дурдвал:
- АНУ тэргүүтэй НАТО, ЕХ Украинд төрийн эргэлт хийснийхээ дараа түүнд асар их хэмжээний зэр зэвсэг нийлүүлж, цэргүүдийг нь тусгайлан Оросын эсрэг дайнд бэлдсэн. 2022 оны 2 дугаар сард Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш АНУ, Францын ерөнхийлөгч, Английн ерөнхий сайдаас авахуулаад Европын олон орны удирдагчид “Орос улс энэ дайнд ялах ёсгүй” гэж ил тод мэдэгдэж, Украиныг зэр зэвсэг, хөрөнгө санхүү, тагнуулын мэдээ, хөлсний цэргээр хангаж, Украины нацистуудын үйл ажиллагааг бүх талаар өөхшүүлэн дэмжиж ирсэн. Сүүлийн үед Украины сөрөг довтолгоо бүтэлгүйтэж, дайны талбарт ялагдах нь тодорхой болсон учраас Европын орны удирдагчид Украинд “F-16 онгоц нийлүүлэх, Танк нийлүүлэх, Дунд болон алсын тусгалтай пуужин, их бууны сум нийлүүлэх” зэрэг олон эвсэл гэгчийг байгуулж аль болох олон улс орныг өөрийн үйл ажиллагаандаа татаж оролцуулахыг оролдох болов. Хэдийгээр өрнөдийн орнууд зөвхөн өөрсдийн үйл ажиллагааг зөвтгөсөн суртал ухуулга хүчтэй явуулж, бодит байдлыг мэдээлэх гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаан боогдуулж байгаа ч гэсэн Европын орнуудын ард иргэд бодит байдлыг ойлгож, Украинд зэр зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж, дайныг зогсоох, энхийн хэлэлцээ хийхийг шаардан жагсаал цуглаан хийсээр байна.
- ОХУ-ыг бүх талаар тусгаарлах зорилгоор эдийн засгийн 13 удаагийн хориг арга хэмжээ авсан боловч тэр нь үр дүнд хүрээгүй, харин Оросын хий болон газрын тосноос татгалзсаны улмаас Европын эдийн засаг уналтад орж, ард түмний амьжиргаа доройтож, Европ даяараа эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж, улс орнуудын дотоодын нөхцөл байдал хурцадсан. Европын удирдлагууд эдгээр хориг арга хэмжээгээрээ Оросын эдийн засгийг сүйрүүлнэ гэж тооцоолсон боловч эсрэгээрээ Европын орнуудын эдийн засаг уналтад ороод байна.
- Дэлхийн үр тарианы дийлэнхи хувийг нийлүүлдэг ОХУ-ын экспортод хориг тавьж, дайны улмаас Украины үр тарианы экспортод бэрхшээл гарснаар дэлхий даяар хүнсий хомсдол бий болсон. Энэ асуудлаар НҮБ-ын оролцоотой зарим арга хэмжээ авсан боловч олигтой үр дүнд хүрээгүй. Тэгсэн атал ОХУ үнэгүй үр тариа, бордоо Африкийн ядуу орнуудад өгөх санаачилга гаргасан ч өрднөдийн орнууд саад тотгор хийсээр байна.
- ЕХ Украины хөдөө аж ахуйн хямд бүтээгдэхүүнийг Европын зах зээлд их хэмжээгээр татваргүй оруулах шийдвэр гаргаснаас Европын фермерүүд алдагдалд орж, эсэргүүцлийн жагсаал цуглаан хийх болсон. Энэ эсэргүүцлийн жагсаал Герман, Франц, Бельги, Польш зэрэг олон орныг хамарч байна. Харин ЕХ-ны удирдлага фермерүүдийн шаардлагыг сонсохыг ч хүсэхгүйгээр барахгүй, жагсаал цуглааныг хүч хэрэглэн дарахыг оролдож байна. Ардчилал, хүний эрх чөлөө ярьдаг Европын удирдлага ийм зүйл хийж байгаа нь гайхшруулж байна. Хэрэв бусад оронд ийм зүйл хийсэн бол хүний эрх зөрчиж байна гэж өндөр дуугаар хашгирах байсан нь ойлгомжтой.
- Өрнөдийн бодлогын гар хөл болсон Украин улс дайны хөлд сүйрч, оршин тогтнох эсэх дээрээ тулаад байна. Янз бүрийн эх сурвалжийн мэдээнээс үзвэл энэ дайны явцад Украины бараг сая шахам цэрэг, алагдаж, шархдаж, сураггүй алга болсон бөгөөд 6 сая гаруй хүн дүрвэн гарчээ. Хүн амын тоо нь бараг 50 хувь хорогдсон гэсэн мэдээ ч байгаа. Нутаг дэвсгэрийн зүүн хэсэг нь ОХУ-ын бүрэлдэхүүнд ороод байна. Цаашид баруун талын бүс нутагт нь санаархаж байгаа Польш, Унгар, Румын зэрэг улс ч байгаа.
- Украины нацистууд АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын өгсөн зэвсгээр Донбас болон Орост нэгдсэн бүс нутгийн энгийн иргэдийн оршин суудаг орон сууц, сургууль, эмнэлэг зэргийг буудаж, энгийн олон иргэдийн амь насыг хөнөөсөөр байна. Мөн Украины нацистууд энэ дайнд олон улсын конвенцээр хориглосон кассетний сум, химийн зэвсэг ашиглаж, цөмийн станц руу хүртэл буудаж байна. Өрнөдийнхөн үүнийг мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлсээр байна
Энэ бүгдээс дүгнэн Европ ер нь хаашаа яваад байна вэ гэсэн асуулт гарч ирж байна. Хэрэв энэ чигээрээ цаашид явбал дэлхийн цөмийн дайн ч үүсч болох аюултай. Сүүлийн үед бодит байдлыг ойлгодог зарим удирдагчид гарч ирж байгаа нь сайшаалтай. Энэ жил олон оронд, түүний дотор ЕХ-ны сонгууль болно. Эдгээр сонгуулийн үр дүнд зөв үзэл бодолтой, бодит байдлыг ойлгодог удирдагчид гарч ирнэ гэж найдах л үлдлээ.