ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 19 дэх удаагийнхаа шууд нэвтрүүлэг, хэвлэлийн бага хурлыг хослуулан хийж, иргэд, сэтгүүлчдийн асуултад хариулав. Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ удаа иргэдээс 2 сая шахам асуулт, хүсэлт ирсэн байна. Энэ удаагийн Путины хэвлэлийн бага хурал 4 цаг 4 минут үргэлжилжээ.
Хамгийн урт шууд ярилцлага 2013 онд болж, 4 цаг 47 минут үргэлжилсэн бөгөөд иргэд, сурвалжлагчдаас ирсэн асуулт, хүсэлтын тоо гурван сая давж байжээ. Мөн 2008 онд ерөнхийлөгч сэтгүүлчидтэй харилцах рекорд тогтоож, 4 цаг 40 минутын дотор 100 гаруй асуултад хариулсан байна. Иймээс Ерөнхийлөгч В.Путины жил бүр хийдэг энэхүү уулзалт дэлхийн олон нийтийн анхаарлын төвд байлаа.
Хүмүүс тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, орон сууц, нийтийн аж ахуй болон олон улсын харилцаа, цэргийн тусгай ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуултууд тавьж хариулт авсан байна. Энэ тухай Оросын хэвлэлүүдээр бүрэн эхээрээ нийтлэгдсэн тул зөвхөн зарим зүйлийг онцлон авч хүргэж байна. Үүнд:
- Орос улсын тусгаар тогтнолын тухай
Орос шиг улсын хувьд тусгаар тогтнолгүйгээр оршин тогтнох боломжгүй, зүгээр л байхгүй болно. Тусгаар тогтнол байхгүй бол Орос орон хэдэн мянган жилийн турш оршин тогтнож байсан, одоо байгаа хэлбэрээрээ байх боломжгүй болно. Тиймээс хамгийн гол нь тусгаар тогтнолыг бэхжүүлэх явдал юм. Гэхдээ энэ бол маш өргөн хүрээтэй ойлголт юм. Гадаад талаас авч үзвэл бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх нь улс орны батлан хамгаалах чадвар, гадаад аюулгүй байдлыг бэхжүүлэх гэсэн үг юм. Мөн энэ бол төрийн бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, тухайн улсын иргэдийн эрх, эрх чөлөөг нөхцөл болзолгүйгээр хангах, манай улс төрийн тогтолцоо, парламентат ёсыг хөгжүүлэх явдал юм. Эцэст нь энэ нь эдийн засгийн салбарт аюулгүй байдал, бүрэн эрхт байдал, технологийн бүрэн эрхт байдлыг хангах явдал юм.
- Эдийн засгийн байдлын тухай
Эдийн засгийн гол үзүүлэлт бол ДНБ. Оны эцэст манай ДНБ 3.5 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ бол сайн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн жилийн уналтаас гарч, нэлээд нухацтай том алхам хийсэн гэсэн үг. Харамсалтай нь манай инфляци өссөн, оны эцэс гэхэд 7.5, магадгүй арай илүү 8 хувьд хүрэх төлөвтэй байна. Харин Төв банк, Засгийн газар шаардлагатай арга хэмжээг авч байна.
Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 3.6 хувиар өсөж байна. Гэхдээ хамгийн таатай зүйл бол боловсруулах аж үйлдвэр жилд 7.5 хувиар өсч байгаа явдал юм. Бидэнд ийм зүйл байхгүй удаж байна.
Үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт 10 хувиар өссөн. ДХБ, аж үйлдвэр, үндсэн хөрөнгө оруулалт өсч байгаа нь дунд хугацаанд тогтвортой хөгжлийн баталгаа болно, мөнгө орж ирнэ, үйлдвэрлэл нэмэгдэнэ, ажлын байр нэмэгдэнэ. Аж ахуйн нэгжүүдийн ашиг 24% -иар нэмэгдсэн байна.
Оросын эдийн засгийн тогтвортой байдал нь банкинд мөнгө хадгалдаг хүмүүсийн хувьд сайн мэдээ юм. Бодит цалин 8 хувиар (энэ нь инфляцийг хассан үзүүлэлт аж) нэмэгдэнэ. Хүн бүр үүнийг мэдрэхгүй гэдгийг би ойлгож байна, гэхдээ улс даяар дунджаар гаргасан статистик ийм байна. Хүн амын бодит орлого 5-7 өсөж байна. Бодит орлогыг нэмэгдүүлэх тухай ярихдаа мэдээж нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 хувиар нэмнэ гэдгийг хэлэх ёстой. Бид үүнийг байнга хийдэггүй байсан.
Засгийн газрын өр 46 тэрбумаас 33 тэрбум болж буурсан.
Миний хэлсэн ажилгүйдлийн түвшин. Саяхан бид түүхэн доод тал нь 3 хувьтай байсан гэж бахархаж байсан. Өчигдөр манай хамт олон бид өнөөдрийн уулзалтад бэлдэж байх үед аль хэдийн 2.9 хувь болсон байна. Оросын түүхэнд ийм зүйл тохиолдож байгаагүй. Энэ бол эдийн засгийн нөхцөл байдлыг харуулсан маш сайн үзүүлэлт юм.
Мөн нэг чухал үзүүлэлт бол дундаж наслалтын өсөлт юм. 2021 онд дунджаар 70.06 жил байсан бол 2022 онд 72.3, 2023 онд 74 жил болсон байна.
Улс орныг хөгжүүлэх нөөц боломж хангалттай байна. Энэ нь юуны түрүүнд, хамгийн чухал нь Оросын нийгмийн өндөр түвшиний нэгдмэл байдал, Хоёрдугаарт, улс орны эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал. гурав дахь нь манай хүчний байгууллагын бүрэлдэхүүн хэсэг болох арми, батлан хамгаалах салбарын чадавхийг нэмэгдүүлэх явдал юм.
- Цэргийн тусгай ажиллагааны зорилт болон энх тайван тогтоох тухай
Бид тавьсан зорилгодоо хүрсэн үед энх тайван тогтоно. Бидний тавьсан зорилго өөрчлөгдөхгүй – энэ нь денацификации, демилитаризации болон Украины төвийг сахисан статус юм.
Денацификация хийх шаардлагатай гэдэгтэй украины удирдлага санал нийлэхгүй байгаа бөгөөд ямар ч боломжгүй гэж мэдэгдсэн. Украинд фашизм байгаа, нацист Бандераг үндэсний баатар болгосон, өнөөгийн Киевийн засаг захиргааны тэргүүн дэлхий нийтийн өмнө Украин, Орос, Польшид нэг сая хагас еврейчүүдийг устгаж, Холокостын ажиллагаанд шууд оролцсон СС-ийн цэрэг агсныг алга ташиж угтсан. Энэ нацизмын илрэл биш гэж үү?
Демилитаризацийн тухайд гэвэл тэд тохиролцохыг хүсэхгүй байгаа болохоор бид өөр арга хэмжээ авах, тухайлбал цэргийн тусгай ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон. Өнөөдөр Украин бараг юу ч үйлдвэрлэдэггүй, бүх зүйлийг гаднаас үнэгүй авдаг, Гэхдээ энэ үнэгүй зүйл хэзээ нэгэн цагт дуусна. Одоо ч бага багаар дуусч байгаа бололтой. Дахиад жаахан хугацаа өгөх болно. Барууныхан Украинд амласан бүхнээ бүгдийг өгсөн. Бид устгасан, устгасаар байх болно. Энэ бол дэмилитаризации юм. Нэг бол бид тохиролцож шийдвэрлэнэ, эсвэл бид хүчээр шийднэ.
- Дайчилгааны хоёр дахь давалгааны тухай
Бид дайчилгааны үеэр бараг 300 мянган хүнийг цэрэгт татсан. Эдгээр залуус маш сайн байлдаж байгаа. Дайчлагдсан хүмүүсийн дундаас бусад шагналыг дурдахгүйгээр ОХУ-ын баатар 14 төрсөн. Цэргийн тусгай ажиллагаанд одоогоор 244 мянган хүн оролцож байна. Мөн 41 мянга нь насны хязгаарт хүрсэн буюу эрүүл мэндийн шалтгаанаар халагдсан. Үүний дараа бид сайн дурын үндсэн дээр Зэвсэгт хүчинтэй гэрээ байгуулах өргөн кампанит ажлыг эхлүүлсэн. Манай БХЯ жилийн эцэс гэхэд 400 мянга гаруй хүн авах төлөвлөгөөтэй байсан. Өчигдөр орой гэхэд л 486 мянган хүн элссэн, гартаа зэвсэг бариад эх орныхоо эрх ашгийг хамгаалахад бэлэн эрчүүдийн маань цуваа буурахгүй байна. Энэ нь орон даяар өдөр бүр 1500 хүн гэсэн үг. 2023 оны эцэс гэхэд хагас сая хүнтэй болно. Бидэнд дайчилгааны хоёр дахь давалгаа ямар ч хэрэггүй.
- ЕХ, АНУ-тай харилцаагаа сайжруулах хэтийн төлөвийн талаар
Харилцааг хэвийн болгох тухайд энэ нь зөвхөн биднээс шалтгаалахгүй, бид эдгээр харилцааг муутгаагүй, тэд бидэнтэй харилцах харилцаагаа муутгаж, бидний ашиг сонирхлыг үл тоомсорлож, биднийг хаа нэгтээ түлхэхийг оролдсон.
Украинд гарсан мөргөлдөөн хаанаас эхэлсэн бэ? Энэ нь 2014 онд Украинд болсон төрийн эргэлтээс эхэлсэн гэдгийг санаарай. Үүнээс өмнө бид хэдэн арван жилийн турш ямар ч үнээр хамаагүй Украинтай хэвийн харилцаа тогтоохыг хичээсэн, үүнийг би онцлон тэмдэглэхийг хүсч байна. Виктор Янукович сонгуульд ялсан ч түүнийг төрийн эрхэнд гарахыг зөвшөөрөөгүй, энэ бол төрийн эргэлт биш юм бол юу вэ?
Манай улстай мөргөлдөөн үүсгэхийн тулд Украинд төрийн эргэлт хийх шаардлагатай байсан бөгөөд үүнийг манай Америкийн "найзууд" хийсэн. Америкчууд төрийн эргэлт хийхэд таван тэрбум доллар зарцуулсан гэж илэн далангүй олон нийтэд мэдэгдсэн. Тэгэхэд Украины эрх баригчид болон сөрөг хүчнийхний хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн батлан даагчаар гарын үсэг зурсан европчууд юу ч мэдэхгүй дүр эсгэсэн. Одоо Европоос асуугаарай, хэн нэгэн үүнийг санаж байна уу, үгүй? Гэхдээ бид мартаагүй, мартахгүй. Европчууд бүрэн эрхээ үндсэндээ алдаж, өөрсдөдөө хохиролтой шийдвэр гаргаж байна. Европын олон зүтгэлтэн одоо бодит байдал дээр “хамтран ажиллагсад” шиг аашилж байна. Роберт Фицо, Виктор Орбан нар Оросын талыг баримтлагч улс төрчид биш, харин "үндэсний эрх ашгаа хамгаалагч" хүмүүс, ийм хүмүүс өөр байхгүй болсон, бусад нь "том ах" -аас хамааралтай болсон.
Украины зүүн өмнөд хэсэг бүхэлдээ Оросын талыг баримталж ирсэн, учир нь эдгээр нь Оросын түүхэн нутаг дэвсгэр юм. Украин үүнд ямар ч хамаагүй? Крым, Хар тэнгисийн бүс нутаг, Одесса нь ерөнхийдөө Оросын хот юм.
Орос, Украинчууд үндсэндээ нэг ард түмэн гэдгийг би өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлж байна. Одоо болж байгаа зүйл бол ах дүүсийн хоорондох иргэний дайнтай адил том эмгэнэл юм. Мөн НАТО манай хил рүү ойртож, Украиныг НАТО-д оруулах гэсэн хязгааргүй хүсэл, дээрээс нь Донбасст найман жил үргэлжилсэн цуст үйл явдал, энэ бүхэн одоо бидний амсаж буй эмгэнэлт байдалд хүргэсэн. Тэд биднийг эдгээр арга хэмжээг авахад хүргэсэн.
АНУ-ын хувьд бид тэдэнтэй харилцаа тогтооход бэлэн байна. АНУ бол дэлхий дахинд чухал, зайлшгүй шаардлагатай улс гэж бид үздэг. Гэвч тэдний эзэнт гүрний бодлого бидэнд биш, харин тэдэнд өөрт нь саад болж байна. Учир нь тэдний олон нийтийн ухамсарт өөрсдийгөө эзэнт гүрэн байдлаар ойлгодог, хаа нэгтээ ямар нэгэн зүйл дээр санал нийлэх юм уу, хэн нэгэнд ямар нэгэн зүйл дээр буулт хийвэл энэ нь тэдний сонгогчдод ямар нэгэн бүтэлгүйтэл гэж ойлгогддог. Тиймээс элитүүд ийм зан гаргахаас өөр аргагүйд хүрч байна.
Дотооддоо ямар нэгэн өөрчлөлт гарч, тэд бусад хүмүүс, бусад улс орнуудыг хүндэтгэж, хориг арга хэмжээ авах, цэргийн үйл ажиллагаа явуулах замаар асуудлаа шийдэхээс илүүтэй харилцан буулт хийхийг эрэлхийлэх үед бүрэн эрхт харилцааг сэргээх үндсэн нөхцөл бүрдэнэ. Одоогоор тийм нөхцөл байхгүй. Гэхдээ бид үүнд бэлэн байна.
- НҮБ-ын чиг үүрэг, Газын зурвас дахь энх тайвны тухай
Би тэнд юу болж байгааг харж байна. Ерөнхийлөгч Эрдоган Газын зурвас дахь нөхцөл байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэхийг хүсч байна. Тэрээр урт хугацааны амар амгаланг бий болгохын тулд бүх зүйлийг хийж байна. Тэнд одоо болж байгаа үйл явдал нь мэдээж гамшиг. Манай цэргийн тусгай ажиллагаа болон Газын зурваст Израилийн хийж байгаа дайнг харьцуулан үзэж ялгааг мэдэр. Украинд ийм зүйл болохгүй байгаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өнөөдрийн Газыг дэлхийн хамгийн том хүүхдийн оршуулгын газар гэж нэрлэсэн. Энэ нь маш их зүйлийг хэлж байгаа бөгөөд энэ бол бодитой үнэлгээ юм.
НҮБ-ын үүргийн тухайд. НҮБ-ын одоогийн байдал ер бусын зүйл бишээ. Зарим оролцогчид байнга, хүйтэн дайны үед ч гэсэн шийдвэр гаргахад саад болж байсан. НҮБ нь зөвшилцөлд хүрэхийн тулд байгуулагдсан байгууллага. Зүүн Иерусалимд нийслэлтэй Палестин улс байгуулах тухай НҮБ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай хэвээр байна.
Ерөнхийлөгч Эрдоган бид хоёр энэ асуудлаар маш төстэй байр суурьтай байгаа. Ирэх оны эхээр айлчлал хийхээр Ерөнхийлөгчтэй тохиролцож байна. Би Газын асуудлаар Арабын орнууд, Эмират, Египеттэй зөвлөлдсөн.
Нэгдүгээрт, Газын зурваст амьдарч байгаа хүмүүсийг тэнд нь байлгах хэрэгтэй. Хоёрдугаарт, тэнд байгаа хүмүүст асар их хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Эмират улс Рафах дахь хилийн боомтын ойролцоо өөрийн хээрийн эмнэлгийг нээсэн. Эмиратын талаас Оросууд тэнд хээрийн эмнэлэг нээчихвэл зүгээр байна гэж ярьсан. Би Египтын Ерөнхийлөгчтэй ярьсан, тэр зөвшөөрсөн. Гэтэл Ерөнхий сайд Нетаньяху Оросын эмнэлгийг тэнд нээх нь аюултай гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь цаашид энэ чиглэлээр ажиллахгүй гэсэн үг биш юм.
- Оросын тамирчдын олимпод оролцох тухай
ОУОХ-ны шийдвэрийн талаар. Нэгдүгээрт: Оросын спорттой холбоотой олон улсын албан тушаалтнуудын хийж буй бүх зүйл бол Пьер де Кубертиний үзэл санааг бүрэн гажуудуулсан үйл явдал юм. Спорт бол энх тайван. Спорт хүмүүсийг хагалан бутаргах биш нэгтгэх ёстой. Орчин үеийн олон улсын албан тушаалтнууд бизнесийн талд хэтэрхий автагдаж, ивээн тэтгэгчдээс бүрэн хамааралтай болсон. Тэд цаашид ийм байдлаар явбал олимпийн хөдөлгөөнийг булшилна.
Израилийн тамирчдын тухай. Спорт бол улс төрөөс гадуур, хүмүүсийг нэгтгэх зорилготой. Хэн нэгний халаасанд байгаа мөнгө бүү тоол гэж бид ярьдаг. Энд ч адилхан, бусад тамирчид руу хуруугаараа заах нь буруу. Явж л байг, ямар ч хязгаарлалтгүйгээр өрсөлдүүлэх хэрэгтэй. Энэ нь Орост ч хамаатай боловч ийм зүйл болохгүй байна. Барууны улс төрийн элитүүдийн нөлөөгөөр албан тушаалтнууд өөрсдөдөө ашигтай ч дэлхийн спортод таагүй шийдвэр гаргаж байна.
Бид явах ёстой юу, үгүй юу? Төрийн далбаа, сүлд дуулал гээд ямар нөхцөл байдал байгааг бид сайн харах хэрэгтэй. Тамирчид олон жил дасгал сургуулилт хийдэг учраас томоохон тэмцээнүүдэд, түүний дотор олимпын тэмцээнд оролцох боломжийг нь олгох хэрэгтэй. Эцсийн эцэст энэ бол манай тамирчин гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ ОУОХ ямар нөхцөл тавьж байгааг сайн судлах хэрэгтэй. Эдгээр нь алт, мөнгө, хүрэл медаль авах боломжтой манай шилдэг тамирчид, багыг хасах, Оросын спорт хөгжөөгүй, мөхөж байгааг харуулах зорилготой зохиомол нөхцөл бол Спортын яам, ОХУ-ын Олимпийн хороо бүх зүйлд дүн шинжилгээ хийж, зохих шийдвэр гаргах хэрэгтэй.
- Хятад, Оросын харилцааны тухай
Бүгд Найрамдах Хятад Ард Улстай харилцах харилцаа маань урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байгааг бид мэднэ. Ирэх онд 200 тэрбум ам.долларын худалдааны эргэлт хийнэ гэж бид олон удаа ярьж байсан. Гэтэл бид дараа жил биш, харин энэ онд 200 гаруй тэрбум долларын худалдаа хийнэ. Ирэх оны эхний улиралд бид тодорхой тооцоолол хийх ёстой, худалдааны эргэлт 220-230 тэрбум болно гэж би бодож байна. Өнгөрсөн онд манай худалдааны эргэлт 31 хувиар өссөн бол энэ жил 30 хувиар өснө.
Бид олон салбарт эдийн засгийн харилцаагаа тууштай хөгжүүлж байна. Бидний харилцаа улам олон чиглэлээр хөгжиж байна. Бид дэд бүтцийн салбарт харилцаагаа хөгжүүлж, гүүр, зам барьж, өндөр технологийн салбарт хамтран ажиллаж байна, цаашид ч хөгжүүлэх болно.
БНХАУ-ын дарга, ноён Си Зиньпиний гуравдугаар сард хийсэн айлчлалын үеэр болсон яриа хэлэлцээ болон айлчлалын үр дүн манай харилцааны хөгжилд томоохон түлхэц өгсөн. Бид үндсэн найман чиглэлээр харилцаагаа хөгжүүлнэ гэж тохиролцсон. Холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Миний найз, манай улсын анд Си Зиньпин дарга бидний тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ОХУ, БНХАУ-ын Засгийн газар идэвхтэй оролцож байна. Ажил эрчимтэй, тогтвортой, найдвартай явж байна. .
БРИКС болон бидний гүйцэтгэх үүргийн хувьд би шинэ зүйл хэлэхгүй, гэхдээ энэ чиглэлээр бидний харилцаа эрчимтай хөгжиж байна, Орос, Хятадын харилцаа бол дэлхийн тогтвортой байдлын чухал баталгааны нэг юм.
Орос, Хятадын эргэн тойронд юу болж байгааг бид харж байна. Барууны орнууд НАТО-гийн үйл ажиллагааг Ази болон Ази руу шилжүүлэх оролдлого хийж байгаа нь энэ байгууллагын - Хойд Атлантын блокийн дүрмийн зорилтын хүрээнээс илт даван гарч байгааг бид харж байна. Энэ нь Хойд Атлантын блок гэж нэрлэгддэг – тэд Азид юу хийх юм вэ? Үгүй ээ, тэд өөрсдийгөө Ази руу авчирч, тэнд өдөөн хатгаж, нөхцөл байдлыг хурцатгаж, өөр өөр бүтэцтэй цэрэг-улс төрийн шинэ блокуудыг бий болгож байна.
Үүнийг бүгд сайн мэднэ, би давтах шаардлагагүй. Бид Хятадтай ийм зүйл хийдэггүй. Тийм ээ, бид цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажилладаг, гэхдээ бид ямар ч блок байгуулаагүй. Мөн бидний нөхөрлөл гуравдагч орны эсрэг чиглээгүй, энэ нь зөвхөн өөрсдөдөө ашиг тусаа өгөх зорилготой, хэн нэгний эсрэг чиглээгүй юм.
Баруунаас бидний харж байгаа зүйл бол тэд үргэлж хэн нэгний эсрэг нөхөрлөл бий болгохыг хичээдэг. Үүнийг бид анхааралтай ажиглаж, хамтран цаг тухайд нь, үр дүнтэй хариу өгөх болно. Үүнд хэн ч эргэлзэх хэрэггүй.
- Эммануэль Макронтой харилцах тухай
Бид маш сайн, найрсаг ажил төрлийн харилцаатай байсан. Би Францад, ноён Макрон ОХУ-д айлчилсаныг та бүхэн мэдэж байгаа, бид хоёр орны харилцаа, олон улсын асуудлаар үргэлж харилцаж ирсэн.
Бид Францтай үргэлжлүүлэн харилцахад бэлэн байгаа, харин нэг л цагт Францын Ерөнхийлөгч бидэнтэй харилцах харилцаагаа зогсоосон. Бид харилцаагаа таслаагүй, тэр харилцаагаа тасалсан. Харилцах сонирхол байгаа бол бид бэлэн, сонирхолгүй бол бидэнд өөр хийх зүйл байна. Бид Европын орнуудтай харилцахаас зайлсхийдэггүй, гэхдээ Европын орнууд, тэр дундаа Францын Ерөнхийлөгч бидэнтэй харилцахыг хүсэхгүй байгаа бол тэр л биз, бидэнд хийх өөр зүйл байна.
Ерөнхийлөгч В.Путины энэ удаагийн ярилцлагаас харахад гадаад бодлогын асуудлаар харьцангуй бага, гол нь улс орны дотоод асуудал, цэргийн тусгай ажиллагааны тухай ихэнх асуулт, хүсэлтүүд тавигдсан байна.