БРИКС-ийн удирдагчдын 15 дахь дээд хэмжээний уулзалт 8 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд Өмнөд Африкийн Йоханнесбург хотноо болов. Хурлыг Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса даргалжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, ОХУ-ыг Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлөн оролцсон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цахимаар оролцож үг хэлэв.
Дээд хэмжээний уулзалтад дэлхийн 67 орон, тэр дундаа Африкийн 53 улс, Бангладеш, Болив, Индонез, Ираны төрийн тэргүүн нар уригдсан тухай мэдээлж байсан бөгөөд 40 гаруй орны төлөөлөгчид оролцжээ. Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг уулзалтад оролцох хүсэлтэй байсан ч түүнийг уриагүй байна.
Таван орны удирдагчид "БРИКС ба Африк: Түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, харилцан өсөлтөө дэмжин, тогтвортой хөгжлийг биелүүлж, багтаамжтай олон талт хамтын ажиллагааг бэхжүүлье" сэдвийн хүрээнд БРИКС-ийн хамтын ажиллагаа болон харилцан анхаарал хандуулж буй олон улсын томоохон асуудлуудын талаар санал бодлоо солилцож, өргөн нийтлэг ойлголтод хүрчээ.
Хэлэлцсэн асуудлуудын дотроос эдийн засгийн хамтын ажиллагаа, гишүүн орнуудын худалдааг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх боломжийг нэмэгдүүлэх, БРИКС-ийн хүрээг өргөжүүлэх асуудал дэлхийн нийтийн анхаарлыг татаж байлаа.
Уулзалтын төгсгөлд БРИКС-ийн орнуудын цаашид баримтлах бодлого, үзэл баримтлалыг тусгасан 94 зүйл заалттай, 26 хуудас бүхий томоохон баримт бичиг болох “Йоханнесбургийн тунхаглал-II” гэсэн хамтарсан тунхаглал гаргалаа. Энэхүү баримт бичигт олон талт түншлэл, энх тайван хөгжил, байгаль орчин, харилцан хурдацтай өсөлтийн төлөөх түншлэл, тогтвортой хөгжлийн түншлэл, хүмүүс хоорондын харилцаа, институиц хоорондын харилцааг тусгажээ.
2024 онд ОХУ БРИКС-ийг даргалах бөгөөд БРИКС-ийн дээд хэмжээний XVI уулзалтыг Казань хотод зохион байгуулахаар тохиролцжээ.
Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх нэг чухал асуудал нь БРИКС-ийн хүрээг өргөжүүлэх явдал байв. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын өмнө 40 гаруй улс БРИКС-т элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тэдний 23 нь албан ёсны хүсэлтээ илгээжээ. Харин энэ уулзалтаар Аргентин, Египет, Этиоп, Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсуудыг БРИКС-ийн бүрэн эрхт гишүүнээр элсэхээр шийдвэрлэжээ. Эдгээр 6 улс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тус холбооны бүрэн эрхт гишүүн болох бөгөөд дараагийн дээд хэмжээний уулзалтад энэ эрхээрээ оролцох юм. Үүний зэрэгцээ БРИКС нь нэгэнт олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн бренд учраас байгууллагынхаа нэрийг өөрчлөхгүй байхаар шийдсэн байна.
Эдгээр улсаас гадна Алжир, Бангладеш, Бахрейн, Беларусь, Боливи, Венесуэл, Вьетнам, Гондурас, Индонез, Казахстан, Куба, Кувейт, Марокко, Нигери, Палестин, Сенегал, Тайланд улсууд БРИКС-д нэгдэх хүсэлтээ өгөөд байгаа юм байна.
Йоханнесбургт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчид шинэ гишүүн элсүүлэх шалгуур, журмыг тохиролцсон тул удахгүй бусад улсууд тус байгууллагын эгнээнд нэгдэж магадгүй байна. Үүнээс гадна БРИКС-ийн удирдагчид дараагийн дээд хэмжээний уулзалтад зориулан "Ирээдүйтэй түнш орнуудын жагсаалт"-ыг үргэлжлүүлэн гаргахыг Гадаад хэргийн сайд нарт даалгажээ. “БРИКС" бүлэг бүл нэмж, хүчээ зузаатгаж байгаа нь Америк, Европын холбооны эсрэг байр суурийг бэхжүүлж, дэлхийн эдийн засагт "Их долоо"-г давах хүчний эхлэл болж байна гэж зарим шинжээчид үзэж байна.
БРИКС одоо дэлхийн ДНБ-ны 26 хувь, хүн амын 40 хувийг эзэлж байгаа бөгөөд БРИКС шинэ гишүүдээр өгрөжсөнөөр дэлхийн ДНБ-ий 37%, дэлхийн хүн амын 46%, манай гарагийн нутаг дэвсгэрийн 36%.-ийг эзлэх ажээ.
БРИКС-ийн удирдагчдын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан өөр нэг чухал асуудал бол түүний оролцогчдын хооронд долларын оронд үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх явдал байв. “БРИКС-ийн орнууд болон тэдгээрийн худалдааны түншүүдийн хоорондын олон улсын худалдаа, санхүүгийн гүйлгээнд үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахыг дэмжихийн чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн БРИКС-ийн орнуудын хоорондын корреспондент банкны сүлжээг бэхжүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх боломжийг олгохыг бид уриалж байна” гэж төгсгөлийн баримт бичигт дурджээ.
Түүнчлэн БРИКС-ийн удирдагчид үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх арга хэрэгсэл, платформ боловсруулахыг Сангийн сайд болон Төв банкны тэргүүн нарт даалгасан байна.
БРИКС-ийн бүтцэд 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн хоёр байгууллага онцгой байр эзэлдэг, энэ нь Валютын нөөцийн сан, БРИКС-ийн Хөгжлийн банк юм. Эхнийх нь тус холбооны гишүүн орнуудад санхүүгийн хүнд хэцүү үед туслах зорилготой байгууллага бөгөөд тус сангийн хөрөнгө 100 тэрбум доллар, харин БРИКС-ийн Хөгжлийн банк нь оролцогч орнуудын дэд бүтцийн янз бүрийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд түүний төсөв нь сантай яг адилхан буюу 100 тэрбум доллар юм. Дашрамд дурдахад, одоо тус банкийг Бразилийн экс ерөнхийлөгч Дилма Руссефф тэргүүлж байна.
"БРИКС"-ийн банкны гүйцэтгэх захирал Дилма Руссефф саяхан "Financial Times" сонинд өгсөн ярилцлагадаа Хөгжлийн банк ам.доллароос татгалзаж байгаа, Банкнаас гаргах нийт зээлийн 30 гаруй хувийг "БРИКС"-ийн гишүүн орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтээр олгоно. Уг ажил төлөвлөгөөний шатанд явж байгаа ч тун удахгүй хэрэгжиж эхлэх болно" гэжээ.
Йоханнесбургт болсон уулзалтаар Украинд үргэлжилж буй байлдааны ажиллагааны талаар мөн хэлэлцсэн байна. Төгсгөлийн тунхагт дурдсанчлан, удирдагчид энэ асуудлаар өмнө нь илэрхийлсэн улс үндэсний байр сууринд тууштай хэвээр байна гэж мэдэгдэв. "Африкийн удирдагчдын энх тайвны номлол, түүний санал болгож буй энх тайвны замыг багтаасан яриа хэлэлцээ, дипломат арга замаар мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн зуучлал, сайн үйлсийн холбогдох саналуудыг бид сэтгэл хангалуун тэмдэглэж байна" гэж баримт бичигт дурджээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь олон талаараа БРИКС-ийн хөгжлийн шинэ үеийн эхлэлийг тавьж байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.