ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин энэ оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
ОХУ-ын дээд удирдлагын нэг энэхүү хүний Монгол Улсад хийсэн айлчлал манай улсын ард иргэдийн хувьд анхаарал татах асуудлын нэг яах аргагүй мөн.
Гэтэл энэ айлчлалын талаар төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тодорхой мэдээлсэнгүй, харин Володин Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэнгүй, Оросын нефть бүтээгдэхүүний экспортын хязгаарлалтад Монгол Улсыг оруулахгүй болсонг Володин мэдэгдлээ гэснээс өөр олигтой мэдээ гарсангүй. Энэхүү айлчлалын жинхэнэ утга учир, бодит үр дүнгийн талаар хэн ч бараг ярьсангүй. Иймээс энгийн иргэд хэн ирээд юу болоод явсанг бараг ойлгоогүй өнгөрсөн гэж хэлэхэд илүүдэхгүй.
Энд хэн буруутай вэ? Монгол, Оросын харилцаанд Монгол улс (төр засаг биш гэж бодож байна), иргэд Оростой харилцах асуудалд ач холбогдол, анхаарал хандуулахаа болио юу? Эсвэл барууны визийн хоригт орохоос айсан хэвлэл мэдээлийн хэрэгсэл, сурвалжлагчид бодит мэдээллийг ард түмэнд хүргэхээс айгаа юу? Хэвлэлийн эрх чөлөө гэж хашиграгчид маань барууны визийн хоригоор өөрийн эрх чөлөөгөө ийнхүү сайн дураараа хязгаарлуулж байгаа юм уу? Ийм арчаагүй байдалд өнөөгийн бид орчихсон юм уу?
Би энэ айлчлалыг арай өөр өнцгөөс харах ёстой гэж бодож байна. Монгол Улсын үндэсний эрх ашиг гэж юм бий. Энэ бол цаг үеийн үзэл бодол, мэдээллээс өөр. Монгол улс их гүрэн байсан, дэлхийн талыг эзэлж байсан гэж хийрхэхээс бүр ч өөр. Түүхэн бодит байдлаа зөв ойлгож, цэгнэн дүгнэж, өнөөгийн бодит байдалд хэрхэн оршин тогтнож, цаашид хэрхэн яаж хөгжиж дэвжихээ тунгаан бодох цаг ирээд байна. Энэхүү миний дүгнэлт нь Монгол, Оросын сайн хөршийн харилцааг эсэргүүцэгчдэд зориулсан зүйл гэдгийг ойлгоорой. Ингээд айлчлалын эргэн тойронд болсон зүйлийн тухай санал бодлоо илэрхийлье.
ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володины Монгол Улсад хийсэн айлчлал манай хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой, харилцааг шинэ агуулгаар баяжуулсан гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нар түүнтэй уулзсан, мэдээж олон чухал асуудлыг ярьж шийдвэрлэсэн нь тодорхой.
Энэ айлчлалын нэг чухал хэсэг нь Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаан хийсэн явдал боллоо. Уг комиссыг энэ оны 6 дугаар сард байгуулсан, урьд нь байгаагүй юм. Энэ комисс нь манай хоёр орны харилцааны бүх салбарын харилцааг хууль эрх зүйн дэмжлэгээр хангахад чухал ач холбогдолтой. Тэр тусмаа манайх шиг парламентын засаглалтай оронд бүр ч чухал үүрэгтэй. Бид ОХУ-тай худалдаа хийхэд гаалийн татвар өндөр байна гэж гомдолдог, гадаад худалдааны алдагдлын асуудал, иргэд зорчих, хил гаалийн асуудал, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих гээд олон асуудлыг энэхүү механизмаар дамжуулан ярих боломжтой болж байна. Парламентын түвшинд тохиролцсон асуудлыг хоёр улсын засгийн газар хэрэгжүүлэх үүрэгтэй гээд бодвол энэ нь нэн чухал болохтой хэн ч маргахгүй биздээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар тус хурлыг нээж хэлсэн үгэндээ, парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын энэхүү хурал нь зөвхөн хоёр талын улс төрийн төдийгүй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн болон тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох чухал ач холбогдолтой талбар болох нь дамжиггүй гэж онцлон тэмдэглэсэн.
Хамтын ажиллагааны комиссын ажил нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны нэг бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд энэ нь тасралтгүй явагдах ёстой, энэ ажилд хоёр орны парламентын холбогдох байнгын хороодыг татан оролцуулах шаардлагатайг В.В.Володин онцлон тэмдэглэжээ. Комиссын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн харилцааг хөгжүүлэх явдал байх бөгөөд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭБ) болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хүрээнд улам өргөжин тэлж буй хамтын ажиллагааны боломжуудыг ОХУ-тай хийх худалдааны хэмжээг нэмэгдүүлэхэд ашиглах нь зөв гэж В.В.Володин тэмдэглэн хэлсэн нь анхаарал татаж байна. Мөн дэд бүтцийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, хэрэгжилтийг хурдасгах шаардлагатай байна гэжээ.
Хурлын үеэр эдийн засаг, банк, санхүү, газрын тос, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцжээ. Мөн манай иргэдийн хамгийн их сонирхож байсан ОХУ-аас гаргасан шатахуун, түлшний экспортын хязгаарлалтын тухай тогтоолд Монгол Улс хамаарахгүй гэдгийг оросын талаас нотлон хэлсэн байна. Цаашид шатахууны тогтвортой нийлүүлэлт, хангамж, үнийн асуудлаархи яриа, хэлэлцээг үргэлжлүүлэх, манай ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг ОХУ-д татваргүй болон татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхийн тулд хориг саадыг арилгах асуудлуудыг хэлэлцсэн нь комиссын хуралдааны нэг чухал үр дүн юм.
Дараагийн уулзалтыг ирэх оны 3 дугаар сарын эхээр Москвад хийхээр тохиолцсон байна.
Хоёр улсын парламентын комиссын хурал уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн шинэлэг механизм юм. Энэ хурал нь хоёр улсын парламентын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байгаа гэдэгтэй санал нэг байна.