45 ЖИЛИЙН ОЙ
Миний бие Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөөд 45 жил болжээ. Энэ нь Монгол улсын дипломат албанд ажиллаж эхэлснээс хойш бас 45 жил болсон гэсэн үг. 1978 оны 7 дугаар сард Гадаад хэргийн яамны босгыг анх алхаж байлаа. Хоёр зууны зааг дээр дэлхий ертөнц асар их хувьсан өөрчлөгдсөн үед Монгол улсын дипломат албанд зүтгэж явлаа. Цаг хугацаа нисэх мэт өнгөрч, бидний үеийн нөхөд маань бүгд гавьяаныхаа амралтад гараад байна.
Нэг сонин зүйлийг дурсахад намайг 1981-1987 онд Бээжинд суугаа ЭСЯ-ндаа ажиллах хугацаанд яг надтай хамт нэг ангид хятад хэл үзсэн янз бүрийн орны дипломатууд, тухайлбал ОХУ-ын 3 дипломат, Герман, Унгар, Болгарын дипломатууд мөн тус тусынхаа ЭСЯ-нд хүрэлцэн ирж хамт ажилласан явдал юм. Бид яг л оюутан байсан шигээ байнга уулзаж бие биенийхээ ажилд тусалж байсны зэрэгцээ гэр бүлээрээ уулзаж, баяр ёслолоо хамтран тэмдэглэж цаг хугацаагаа хөгжилттэй өнгөрүүлж байсныг мартах аргагүй. ОХУ-аас Монгол Улсад суух элчин сайдаар 9 жил гаруй ажиллаад саяхан эх орондоо буцсан Азизов Искандер Кубарович мөн л надтай хамт 5 жил нэг ангид хятад хэл үзсэн хүн, миний нэг ангийн нөхөр маань манай улсад элчин сайдаар ажиллаж байсанд би бахархаж байна.
Би 1990-1991 онд ОХУ-ын дипломатын академид суралцсан юм. Хоёр жилийн сургалтын хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд сурч улаан дипломтай төгссөн. Уг нь дэд эрдэмтний зэрэг хамгаалахаар бэлтгэж байсан боловч зах зээлийн харилцаанд шилжсэн учир хөрөнгө мөнгөний бололцоогүй байдлаас шалтгаалан хэрэгжүүлж чадаагүй. Тэр үед ОХУ-д эдийн засгийн хямрал нүүрлэсэн, гол гол хүнсний бараа картанд орсон үе байсан. Монголд амьдрал бүр ч хүнд байсан. Гэвч сургуулиа амжилттай төгсч чадсан.
Дипломатын академид хамт суралцаж байсан нөхөдтэйгээ хожим дахин уулзаж хамтран ажиллах боломж бас гарсан юм. Намайг Казакстан улсад элчин сайдаар ажиллах үед надтай Дипломатын академид хамт суралцсан К.Токаев БНКазахстан Улсын Сенат (Парламентын дээд танхим)-ын даргаар ажиллаж байсан бөгөөд миний ажилд бас их дэмжлэг туслалцаа үзүүлж байсан. Мөн хамт суралцаж байсан Айтжан Айдашев Казакстанаас БНТажикстан Улсад суугаа Элчин сайдын Яаманд элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд намайг Тажикстан улсад очих бүрд уулзаж бүх талаар туслаж байсан билээ. Ер нь дипломатууд нэг орноос нөгөө оронд нүүдлийн шувуу шиг явдаг хүмүүс шүү дээ.
Энэ түүхэн ойн жилийн дурсамж болгон зарим ховор зургаа өөрийн сайтад байршуулав.