Бид нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөв үү?
Бид нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөв үү?
Сая 10 дугаар сарын 4-нд ОПЕК+(Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ын сайд нарын уулзалт цахимаар болж нефть олборлох түвшингээ хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. ОПЕК+-ийн орнуудын одоогийн олборлолтын хэмжээг хэвээр хадгалах шийдвэр нь нефтийн үнэд эерэгээр нөлөөлж, ирэх саруудад нэг баррель нь 90 ам.доллараас дээш байх болно гэж шинжээчид үзэж байна.
Сая болсон хурлаар ОПЕК+-ийн хяналтын хороо өмнө нь тохиролцсон хэлэлцээрүүдийг дагаж мөрдөхийг зөвлөжээ.
Мөн өдөр ОХУ-ын Шадар сайд Александр Новак хэлэхдээ, Орос улс 2023 оны 12 дугаар сарыг дуустал дэлхийн зах зээлд нийлүүлэх газрын тосоо сайн дураараа өдөрт 300 мянган баррелиар бууруулах болно гэсэн байна. Орос улс нефтийн олборлолтоо энэ оны 2 дугаар сарын түвшинтэй харьцуулахад өдөрт 500 мянган баррелиар бууруулсан байна. ОПЕК-ийн мэдээлснээр, хоёрдугаар сард ОХУ өдөрт 10 сая баррель газрын тос олборлож байжээ.
Саудын Араб ч энэхүү гэрээ хэлэлцээрийг дагаж мөрдөхөө мэдэгджээ. Саудын Араб өдөрт 1 сая баррель газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр бууруулахаа 2023 оныг дуустал сунгахаа мэдэгдсэн байна. Шийдвэрийг сар бүр хянаж, үйлдвэрлэлийг бууруулах эсвэл нэмэгдүүлэх боломжтой гэж вант улсын засгийн газрын агентлаг мэдэгдэлдээ дурджээ. Энэ оны эцэс гэхэд Саудын Арабын газрын тосны олборлолтын бодит түвшин өдөрт 9 сая баррель байх төлөвтэй байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ долоо хоногт дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөх магадлалтай байгаа ажээ. Энэ нь Хятадад амралтын долоо хоног дуусч, аж үйлдвэрийн нэгжүүд ажилдаа орж, нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ дэлхийн зах зээлд нэмэгдэхтэй холбоотой гэж үзэж байгаа юм байна.
Гэхдээ ОХУ-той ярьж тохиролцсон учраас манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байх гэж найдаж байна.
Харин сайн дураараа өөрсдөө ОХУ-ын нефть бүтээгдэхүүнээс татгалзаад байгаа Европын холбооны орнуудад хүндээр тусч болох талтай.