Энэ онд нийт 64 орон сонгууль хийхээр товлогдсон байна гэж “TIME” сэтгүүлд бичжээ (Зарим хэвлэлд 40 гаруй гэсэн тоо байгаа). Зарим орны сонгуулийг дурдвал АНУ, ОХУ, Тайваны ерөнхийлөгчийн сонгууль болох бол олон оронд парламентын сонгууль болно. Энэ нь олон орны парламентын голлох нам бүлгүүдийн бүтэцэд өөрчлөлт орж, ерөнхий сайд нар шинээр томилогдох үр дагавартай. “Bloomberg Economics”-ийн тооцоолсноор энэ онд дэлхийн хүн амын 41 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 42 хувийг төлөөлөх иргэд шинэ удирдагчаа сонгох боломжийг эдлэх аж.
Эдгээр сонгуулиуд дэлхийн улс төр, эдийн засгийн байдалд ямар нөлөө үзүүлэх эсэх нь одоогийн нѳхцѳл байдал хэр тогтвортой болох эсэхээс шалтгаална. Орос, Украйны дайн, Хятад, Тайваны тогтворгүй байдал, Израйл, Палестины зѳрчил, BRICS-ийн орнууд барууны орнуудаас алслагдмал байх сонирхол, улс орнуудын эдийн засгийн хатуу бодлого гэх мэт нѳхцѳл байдлууд дэлхийн эдийн засгийн хөгжилт нөлөөлнө. Мѳн аливаа сонгууль дѳхѳх тусам тодорхойгүй байдал нэмэгдэж, улс орнууд сонгуулийн үр дүнг хүлээх байдал үүсдэг.
Анхаарал татаж байгаа сонгууль гэвэл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг нэрлэж болно. Сонгуулийн үр дүн АНУ-ын дотоодод болон гадаад бодлогод нь ихээхэн өөрчлөлт оруулж болзошгүй. АНУ-д шинэ удирдлага гарвал дэлхийн 3 том гүрэн болох АНУ, ОХУ, БНХАУ-ын харилцаанд нааштай өөрчлөлт гарах хүлээлт байгаа.
Тайванийн Ерөнхийлөгчийн сонгууль АНУ, БНХАУ-ын харилцааны ирэх жилүүдийн ерөнхий өнгийг тодорхойлох байх.
Европын холбооны парламентийн сонгуулиар тус парламентын бүтэц шинэчлэгдэж, ихээхэн өөрчлөлт гарч магад. Энэ үр дүнгээс Европ Холбооноос явуулах бодлого, Ялангуяа ОХУ, ЕХ-ны харилцаанд нааштай өөрчлөлт гарч болзошгүй. Тэгвэл энэ нь дэлхийн улс төр, эдийн засгийн байдалд нөлөөлнө.
Эцэст нь 2024 онд анх удаа 126 хууль тогтоогч сонгохоор болсон Монгол Улсыг түүхэн сонгууль хүлээж байна. Гишүүдийн тоог 126 болгосон, сонгуулийг том тойргоор явуулах, пропорциональ системийг нэвтрүүлэх, гадаадад оршин суугаа иргэдээс санал авах гээд олон шинэ зүйл байгаа. Энэ сонгуульд манай ард түмэн ямар сонголт хийхээс цаашдын улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн хөгжил ихээхэн шалтгаалах болно.