“Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин, соёлын наадам 8 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Хүй 7 худагт болов. Энэ жилийн наадам урьд өмнөхөөс илүү өргөн хүрээтэй боллоо. Энэхүү наадамд Халимаг, Буриад, Тува, Өвөр Монгол, Дээд монголоос бөхчүүд, урлаг соёлынхон, эрдэмтэд, жуулчид зэрэг олон зочид ирж оролцсоноороо онцлогтой болов..
Тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ, хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай харвааны наадам, дэмбээний тэмцээн, морин цирк, морьт харвааны тэмцээн болсон нь сонирхолтой байлаа. Үүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, ёс заншил харуулсан гэр хотхон, уран зураг, гэрэл зураг, эртний монгол хоол, хүнсний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, түм түжигнэсэн, бум бужигнасан наадам болсны зарим хэсгийг фото болон видео бичлэгээр буулгаж авснаасаа та бүхэнд сонирхуулья.