Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт

(Энэ 7 хоногийн онцлох үйл явдал)

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Сан-Франциско дахь Филоли эдлэнд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уулзсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Хоёр орны төрийн тэргүүн Индонизийн Бали аралд өнгөрсөн жил уулзсанаас хойш анх удаа нүүр тулан уулзсан нь энэ юм. 

Олон улсын харилцаа, эдийн засгийн хөгжилд нөлөө бүхий их гүрнүүд болох Хятад, Америкийн харилцаанаас дэлхийн энх тайван, хүн төрөлхтний ирээдүйн хувь заяа, хөгжил хамаарах нь ойлгомжтой. Нөгөө талаар хоёр орны харилцаа сүүлийн нэг жилийн хугацаанд сөргөлдөөнтэй, бүр хурцадмал байдалд байсан гэж хэлж болно.