Гүржийн парламентын сонгууль 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болсон бөгөөд эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 53.93 хувийн санал авч ялалт байгуулсан. Гүржийн Сонгуулийн төв комисс 11 дүгээр сарын 16-ны өдөр парламентын сонгуулийн эцсийн дүнг баталсан байдлаас үзвэл тус улсын эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам 53.93 хувийн санал (89 мандат), “Өөрчлөлтийн төлөөх эвсэл” 11.03 хувь (19 мандат), “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” 10.17 хувь (16 мандат), “Хүчтэй Гүрж” нам - 8.81 хувь (14 мандат), "Гүржийн төлөө" нам - 7.78 хувь (12) мандат) тус тус авсан байна.
Гэвч барууныг дэмжигч сөрөг хүчний 4 нам, эвсэл сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, дахин сонгууль явуулахыг шаардаж, парламентын анхны хуралдаанд оролцоогүй, шинээр байгуулагдсан засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж жагсаал цуглаан хийсээр байна.
Сонгуулийн дараагийн өдөр сөрөг хүчний дэмжигчид Гүрж болон Европын холбооны туг далбааг барин жагсаал цуглаан зохион байгуулсан боловч цагийн дараа тайван замаар өндөрлөсөн. Харин Ерөнхий сайд Иракли Кобахиже тус улсыг 2028 он хүртэл Европын Холбоонд гишүүнээр элсэх тухай хэлэлцээг түр зогсоох шийдвэр гаргасны дараа пүрэв гарагт Гүржид дахин эсэргүүцлийн жагсаал эхлээд байна. Ерөнхий сайд Иракли Кобахижегийн хэлснээр, буцалтгүй тусламж, зээл зэргийг дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж буй Европын улс төрчдийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ийм шийдвэр гаргасан гэж тайлбарласан байна. Тэрээр мөн Европын парламент Гүржийг олон жил дайран доромжилж байгаа гэж шүүмжилжээ.
Хамгийн сонирхолтой нь Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабичвили сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, жагсагчдыг засгийн газрын эсрэг тэмцэхийг уриалж турхирч байна. Тэрээр цугласан олонд хандан хэлэхдээ “Та нар сонгуульд ялагдаагүй. Тэд та нарын саналыг луйвардаж, ирээдүйг чинь хулгайлахыг оролдож байна. Гэхдээ хэнд ч ийм эрх байхгүй. Үүнийг хэнд ч зөвшөөрч болохгүй. “Гүржийн мөрөөдөл” намын эсрэг улс орноо хамгаалж, Европ руу чиглүүлнэ. Бидэнд өөр сонголт байхгүй. Хойч үедээ ийм улс орхихыг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн нь дайран дээр давс нэмж, жагсаал цуглаан үймээн самуун болж хувираад байна.
Гүржийн сөрөг хүчнийг дэмжигчид Тбилис хотын төв гудамж болох Руставелийн өргөн чөлөөний зарим хэсгийг эзэлж, хаалт босгож, хууль сахиулах байгууллагын ажилтнууд, тусгай хүчнийхэн рүү пиротехникийн болон лазерын хэрэгсэл ашиглах, чулуу, шатаж буй шил шидэж, эвдэн сүйтгэх ажиллагаа явуулсан байна. Иймээс Аюулгүйн хүчнийхэн хариу арга хэмжээ авч, тусгай хэрэгсэл ашиглан цугласан хүмүүсийг парламентын ордноос холдуулсан байна.
12 дугаар сарын 2-ны байдлаар жагсагчидтай мөргөлдсөний улмаас 113 цагдаа шархадсан байна. Тэдний зарим нь түлэгдэлт, хугарал зэрэг янз бүрийн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн хугацаанд жагсаалд оролцогчдоос 150 хүнийг танхайрсан, тусгай хүчнийхний биед халдсан, цагдаагийн тушаалыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр саатуулжээ.
Гүржийн төрийн аюулгүй байдлын алба өнгөрсөн бямба гаригийн өглөө мэдээлснээр тус улсын төрийн бус зарим байгууллага, улс төрийн намууд засгийн эрхийг хүчирхийллийн аргаар булаан авах сонирхолтой байна гэжээ.
Гүрж улсын эрх баригчид энэ онд Европын Холбооны эсэргүүцэл, шүүмжлэлд өртсөн хоёр хуулийг баталсан юм. Тухайлбал, "Гэр бүлийн үнэ цэнэ ба насанд хүрээгүй хүүхдийг хамгаалах тухай" хууль буюу ЛГБТ* суртал ухуулга явуулахыг хориглох тухай хууль, "Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай" хууль буюу гадаадын агентуудын тухай хууль баталсныг ЕХ эрс шүүмжилж, Тбилисид шаардлага хүргүүлж, Европын холбоонд элсэх үйл явцыг түдгэлзүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэр байтугай Гүржийн иргэдэд виз олгохыг зогсооно гэж сүрдүүлж, сонгуульд нөлөөлөх зорилгоор олон удаагийн жагсаал цуглааныг зохион байгуулж байсан. Гүржийг 2028 он хүртэл Европын холбоонд элсүүлэх тухай хэлэлцээг зогсоохыг эсэргүүцсэн жагсаал цуглаан одоо шинэ шатандаа орж байгаа нь энэ юм. Жагсагчид ЕХ-той хийх хэлэлцээг зогсоосон нь Гүржийн Европод нэгдэх гэсэн хүсэл эрмэлзлэлээс урвасан хэрэг гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар энэ шийдвэр нь тус улсын Европын хамтын нийгэмлэгт нэгдэх үйл явцыг удаашруулж, хүн амын ашиг сонирхолд харшлах болно. Гүржийн өнөөгийн эрх баригчид Европын интеграцчлалын хэтийн төлөвийг алдагдуулж гэж үзэж байна.
Парламентын ордны ойролцоо байдал хурцадмал хэвээр байна, Жагсагчид Гүржийн парламентын байрыг шатаасан байна. Урьдчилсан мэдээллээр нэг оффис руу пиротехникийн бүтээгдэхүүн шидсэний улмаас гал гарсан байна.
Жагсагчид эрх баригчдын бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, хэдэн өдрийн турш жагсаал зохион байгуулсаар байна. Гүржийн нийслэлийн гудамжинд сөрөг хүчнийхэн болон хамгаалалтын хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн болж байна. Цагдаа нар цугласан хүмүүсийг тараахын тулд усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд эсэргүүцэгчид хариуд нь чулуу, пиротехникийн хэрэгсэл шидэж байна.
Гүрж улс 2028 оныг дуустал Европын холбоонд элсэхээс татгалзах шийдвэр гаргасны дараа АНУ-ын засгийн газар Гүрж улстай байгуулсан стратегийн түншлэлээ зогсоох шийдвэр гаргасан гэж АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. Бүгд найрамдах улсын эрх баригчид ард түмний хүсэл зоригийн эсрэг явсан гэж Америкийн хэвлэлд бичжээ. Үүнээс гадна Тбилисийн гудамжинд жагсагчдын эсрэг хууль сахиулах ажилтнууд хэт их хүч хэрэглэснийг Вашингтон буруушааж байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр парламентын өмнөх талбайг цагдаа нар бүрэн чөлөөлжээ. Жагсагчдыг тараахын тулд хамгаалалтын албаныхан Руставелийн өргөн чөлөөнд их хэмжээний нулимс асгаруулагч хий цацсан байна. Жагсагчдын нэлээд хэсэг нь жагсаал болсон газрыг орхин гарсан ч Чичинадзе, Зубалашвили гудамжны уулзварт байдал хурцадмал хэвээр байна.
Гүржийн ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 12 дугаар сарын 14-нд болно. Гэтэл өнөөгийн Ерөнхийлөгч Саломе Зурабичвили албан тушаалаа өгөхгүй гэж мэдэгдээд байна. Гүржийн байдал цаашид яаж өрнөх нь тодорхойгүй болоод байна. Өрнөдийн орнууд Гүржид “Өнгөт хувьсгал” хийхийг оролдож байна. Хэрэв Гүржийн засгийн газар жагсагчдад бууж өгвөл Украины замаар орох нь тодорхой болоод байна. Үүнийг цаг хугацаа харуулах болно.