ОХУ-ын зэвсэгт хүчин энэ оны 11 дүгээр сарын 21-нд хамгийн сүүлийн үеийн "Орешник" баллистик пуужингаар Украинд цохилт өгсөн тухай мэдээ дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. 11 дүгээр сарын 21-ний пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ тухай ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ.
АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ын нутгийн гүнд пуужингаар цохилт өгөх зөвшөөрлийг Украинд өгч, улмаар Украин Английн скалп, Америкийн атакамс пуужинг ашиглан ОХУ-ын Курск, Брянск мужид цэргийн болон иргэний байгууламжид цохолт өгсөний хариуд ийм арга хэмжээ авч байгаагаа тэрээр дурджээ. Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү пуужин нь цөмийн цэнэггүй гэдгийг онцлон тэмдэглээд “Орешник”нь маш өндөр 10 махын хурдтай бөгөөд секундэд 2-3 км явах боломжтой, Өрнөдийн орнуудын одоо ашиглаж байгаа агаараас хамгаалах систем түүнээс хамгаалах боломжгүй гэсэн байна.
Оросын зэвсэгт хүчин энэ удаа сүүлийн үеийн "Орешник" дунд тусгалын пуужингаар Днепропетровск (Украины нэр - Днепр) дахь "Южмаш" цэргийн үйлдвэрт цохилт өгсөн байна. Энэхүү цэргийн үйлдвэр нь ЗХУ-ын үеэс цэрэг, дайны зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бөгөөд одоо Украины пуужин болон нисэгчгүй онгоц үйлдвэрлэх гол төв нь байжээ. Одоогоор тус үйлдвэрийн хохирлын талаар мэдээлэл гараагүй байна.
Украины агаарын довтолгооноос хамгаалах систем нь ийм пуужингийн дайралтаас хамгаалах боломжгүй учраас Украины хүн амыг нүүлгэн шилжүүлэх боломжийг олгохын тулд урьдчилан анхааруулсан тухай оросын талаас мэдэгдэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын Холбооны Улс ийм пуужин ашигласан тухай мэдэгдэх үүрэггүй ч 30 минутын өмнө АНУ-д автомат мессеж илгээсэн тухай хэвлэлийнхэнд мэдээлжээ. АНУ-д урьдчилан мэдэгдсэн тухайд “цөмийн эрсдэлийг бууруулах сувгаар пуужин хөөргөхөөс богинохон хугацааны өмнө АНУ-д урьдчилан мэдэгдсэн” гэж Пентагоны төлөөлөгч Сабрина Сингх хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
"Орешник" баллистик пуужин нь "Украины эсрэг ашигласан анхны дунд тусгалын баллистик пуужин юм" гэж АНУ-ын “Defense One” мэдээллийн эх сурвалжийн мэдээнд дурджээ.
“Орешник” пуужингийн тухай одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байгаа боловч зарим эх сурвалжид дурдсанаар Оросын "Орешник" баллистик пуужин нь дуунаас хэт өндөр хурдтай (гиперзвуковая ракет) пуужин бөгөөд 5000 км зайд байг онох чадвартай, дайсны агаарын довтолгооноос хамгаалах систем хамгаалах боломжгүй, олон тооны цэнэгт хошуутай, пуужингийн цэнэгт хошууны жин нь нэг тонн орчим байх боломжтой гэжээ. Оросын шинэ пуужингийн шинж чанарын тухай ийм таамаглалыг Gazeta.Ru-ийн цэргийн ажиглагч, хурандаа Михаил Ходаренок хийсэн байна. Gazeta.Ru-ийн цэргийн ажиглагчийн тэмдэглэснээр, Украин дахь “Южмаш” руу хийсэн Оросын хамгийн сүүлийн пуужингийн цохилтын видео бичлэгт дүн шинжилгээ хийж үзэхэд уг пуужин дор хаяж бие даан чиглүүлэх боломжтой зургаан цэнэгт хошуутай болохыг харуулж байна гэжээ.