2023 оны 10 дугаар сар. Жил бүр тохиолддог энгийн л нэг сар. Гэхдээ энэ оны 10 дугаар сар манай мөнхийн хөрш гурван орны хувьд олон чухал үйл явдалтай онцгой сар байлаа. Дэлхийн 130 гаруй орон, Олон улсын 30 гаруй байгууллагын төлөөлөгчид, түүний дотор 23 орны төр, засгийн тэргүүн оролцсон “Бүс ба зам” чуулган манай өмнөд хөрш БНХАУ-д амжилттай болж өнгөрлөө.
Уг чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпин нартай уулзаж, албан ёсны яриа хэлэлцээ хийлээ.
“Бүс ба зам” чуулга уулзалтын үеэр манай мөнхийн хоёр хөрш - БНХАУ, ОХУ-ын удирдагчид–ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпин нарын дэлхий нийтийн анхаарлыг татсан уулзалт Бээжин хотноо боллоо. Энэ уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсны гол зочиноор уригдаж оролцсон нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Хятадын талаас ч Ерөнхийлөгч В.В.Путингийн оролцоог бүх талаар онцлон харуулсан нь ( Нээлтийн ёслолын ажиллагаанд Ши Жиньпин даргын дараа шууд үг хэлэх боломж олгосон, хүндэтгэлийн зоог, ёслолын зураг авахуулах зэрэг бүхэл арга хэмжээнд Путин хамгийн хүндтэй зочин байсан) өрнөдөд өгсөн дохио мэт харагдаж байна. Нөгөө талаар Хятадын зүгээс Хятад, Оросын харилцаанд маш чухал ач холбогдол өгч байгааг харуулсан хэрэг гэж үзэж болно.
Хятад, Оросын дээд хэмжээний яриа хэлэлцээ, хоёр орны удирдагчдын хэлсэн үг зэргээс харахад хоёр тал олон улсын харилцааны өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд олон улсын болон хоёр талын харилцааны зарчмын гол асуудлуудаар нэгдмэл ойлголт, ижил төстэй байр суурьтай байгаа нь харагдлаа. Хоёр орны удирдагчдын ойр дотно уулзалт, яриа хэлэлцээ нь өрнөдийн зарим судлаачид “өрнөдын эсрэг эвсэл” гэсэн нэр томьёог ашиглахад хүргэсэн бололтой.
Орос, Хятад хоёр улс өөрсдийн язгуур эрх ашгийг хамгаалах асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж, ШХАБ болон БРИКС-ийн хүрээнд олон талт үйл ажиллагаагаа нягт уялдуулж, олон улсын харилцааны олон туйлт архитектурыг хамтдаа бүрдүүлж байна гэж хоёр орны удирдлагууд удаа дараа мэдэгдлээ.
Эдийн засгийн хувьд 2024 онд Орос, Хятад хоёр орны худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүрэх зорилт тавьсан атал энэ оны 10 дугаар сарын байдлаар хугацаанаасаа өмнө 200 тэрбум доллараас давсан гэдгийг хоёр тал зарлалаа.
ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян нар Бишкект уулзаж, хоёр улсын Засгийн газар Орос, Хятадын удирдагчдын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, 2030 он хүртэлх хамтын ажиллагааны параметрүүдийг тодорхойлсон тухай мэдэгдлээ.
Хоёр тал Хятад, Оросын хамтын ажиллагааг стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийн салбарт идэвхтэй өргөжүүлж, 2024-2025 онд Хятад, Оросын соёлын жилийг харилцан зохион байгуулах болсон байна.
ОХУ Хятадын байгалийн хийн гол нийлүүлэгч. Орос-Монгол-Хятадын байгалийн хийн хоолойг барих төсөлд удахгүй ахиц гарна гэж найдаж байна гэж Ши Жиньпин дарга хэлсэн нь манай улсын хувьд олзуурхууштай зүйл юм.
Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ болон БНХАУ-ын удирдлагуудтай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээ хийж зарим тодорхой тохиролцоонд хүрсэн байна. ОХУ-тай нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой ханган нийлүүлэх, Монголын экспортын татварын асуудлыг удахгүй болох Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцсон бол БНХАУ-тай хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна. Манай улсын хувьд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд олон ажил хийхээр олон жил яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд өнөөгийн хамгийн чухал асуудал бол яриа хэлэлцээнээс бодит ажилд шилжих явдал юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-26-ны өдөр болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян, ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин нартай уулзаж, гурван орны дээд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх талаар тодорхой ярилцсан нь манай гурван орны харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой боллоо гэж үзэж байна.
Юуны өмнө талууд “Орос-Монгол-Хятад” гурван талын эдийн засгийн хамтын ажиллагааны коридор байгуулах төслийг урагшлуулах, идэвхжүүлэх талаар ярилцсан байна. Энд Монголын нутгаар дайран өнгөрөх төмөр зам, хурдны засмал зам, “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төслүүдийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулжээ.
Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагаанд олон жил яригдсан асуудлуудаа энэ онд багтаан шийдвэрлэж, 2024 онд хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх зарчмын тохиролцоонд хүрчээ. Тухайлбал, Монгол, Хятадын хилийн боомтуудыг төмөр замаар холбох, цаашид байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааны хүрээнд илүү нягт хамтран ажиллах асуудлуудыг ярьж тохиролцсон байна
Монгол, Оросын Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, эрчим хүч, зам тээвэр зэрэг олон асуудлаар санал солилцож, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон жил яригдсан хамтын ажиллагааны төслүүдийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Монгол, Оросын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, эрчим хүч болон дэд бүтцийн хамтарсан төслүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах санал тавьжээ.
Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустин Монгол Улс, ОХУ нь олон жилийн найрсаг харилцааны түүхтэй, стратегийн түнш улсууд болохыг тэмдэглэн, түүхийн хүнд цаг үед болон их бүтээн байгуулалтын жилүүдэд манай хоёр орны ард түмэн ямагт хамтдаа байж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг дурсан, цаашид худалдаа, санхүү, дэд бүтэц, эрчим хүч, боловсролын салбарт хамтын ажиллагааг тодорхой төслүүдээр эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Монгол, Оросын хамтын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Халх голын ялалтын 85 жилийн түүхт ойг 2024 онд ёслол төгөлдөр тэмдэглэхээр хоёр тал тохирсон. Энэ нь Монгол, Оросын харилцаанд сэв суулгахыг санаархсан, Халх голын дайны бодит түүхийг гуйвуулагчдад ноцтой цохилт болно гэж найдаж байна.
Эдгээр уулзалтуудын зэрэгцээ Монгол, Оросын Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит 25 дугаар хуралдаан аравдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо амжилттай явагдаж, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг нухацтай хэлэлцэн, тодорхой шийдвэрүүдийг гаргаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэх нь зүйн хэрэг.
Ийнхүү ганцхан сарын дотор болсон манай гурван орны дээд, өндөр хэмжээний уулзалт, яриа хэлэлцээгээр тохиролцсон ажил, хөтөлбөрүүдийг холбогдох засгийн газрууд хэрхэн хэрэгжүүлэхийг харах л үлдлээ.