АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн тогтолцоо нь дэлхийн хамгийн төвөгтэй, будлиантай тогтолцооны нэг гэж тооцогддог. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өндөр жилийн 11 дүгээр сарын эхний мягмар гарагт болдог. 2024 онд энэ өдөр 11 дүгээр сарын 5-нд тохиосон. Харин Сонгогчдын коллеж (Electoral College)-ийн санал хураалт 12 дугаар сарын 17-ны өдөр болно.
АНУ-д ерөнхийлөгчийг сонгогчид шууд сонгодоггүй, Сонгогчдын коллеж (Electoral College) гэх энэ тусгай төлөөлөгчдийн санал хураалтын дүнгээр шийддэг. Сонгуульд ялахын тулд улстөрч үнэмлэхүй олонхийн (270 ба түүнээс дээш) санал авах ёстой. Дараа нь сонгуулийн дүнг АНУ-ын Конгресст илгээж, гишүүд нь 2025 оны нэгдүгээр сарын 6-нд эцсийн дүнг баталгаажуулна. Шинэ ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-нд ажлаа хүлээн авна.
АНУ-ын Үндсэн хуульд заасны дагуу АНУ-д төрсөн, тус улсад 14-өөс доошгүй жил амьдарсан, 35-аас дээш насны хүн төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигч байж болно. Нэр дэвшигчид нь гол улс төрийн хүчин болох Ардчилсан болон Бүгд найрамдах намуудын гишүүдээс гадна бие даасан улс төрчид эсвэл жижиг намуудын төлөөлөл байж болно. Гэвч улс төрийн тогтолцоонд хоёр нам ноёрхдог учир бие даагч болон жижиг намд амжилтад хүрэх магадлал бараг байхгүй.
2024 оны сонгуулийн өрсөлдөөн уламжлал ёсоор Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын хооронд явагдсан. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис нар энэ удаа өрсөлдсөн. Урьдчилсан дүнгээр Дональд Трамп ялалт байгуулах нь тодорхой болоод байна.
1. Дональд Трампын сонгуулийн өмнөх амлалт
Дональд Трампын сонгуулийн өмнөх амлалтыг товч танилцуулья. Одоо амлалтаа хэрхэн биелүүлэхийг л харах үлдлээ.
Америкийн эдийн засгийг аврах хөтөлбөр
· Трампын эдийн засгийн хөтөлбөрийн гол заалтуудын нэг нь импортын бүх бараанд 10-20 хувийн татвар ногдуулах, мөн ам.доллар хэрэглэхээс татгалзаж буй орнуудын импортын бараа бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг 60 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж ярьсан.
· АНУ-д 2017 онд батлагдсан татварын хөнгөлөлтийн хугацааг сунгаж, Америкийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд АНУ-д бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг корпорациудын татварын хэмжээг 21-15% болгон бууруулахаа амласан.
· Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй, гадаадад амьдарч буй АНУ-ын иргэдэд давхар татвар ногдуулахгүй, нийгмийн халамж, үйлчилгээний хөлсөнд ноогдуулдаг татварыг халахаа амласан.
Цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп олон сая хууль бус цагаачдыг “Америкийн түүхэн дэх хамгийн том албадан гаргах ажиллагааг” “Тангараг өргөх өдрийн үдээс хойш” эхлүүлэхээ амласан. "Бид хууль бус цагаач бүлэглэлийн гишүүн бүрийг агнах, баривчлах, тус улсад хууль бус цагаач бүлэглэлийн гишүүд үлдэхгүй болтол нь албадан гаргах зорилгоор Цагаачлал, гаалийн хяналт, хилийн харуул, холбооны хууль сахиулах ажилтнуудаас бүрдсэн элит багийг илгээнэ. Хэрэв тэд манай улсад буцаж ирвэл тэнсэн харгалзахгүйгээр автоматаар 10 жилийн хорих ял авах болно” гэж хэлж байсан. Трамп Байдены засаг захиргааны "нээлттэй хилийн бодлого"-ыг зогсоож, АНУ-ын хилийг "битүүмжилж", зарим улс орнуудад зорчих хоригийг сэргээж, дүрвэгсдийг хүлээн авахыг түдгэлзүүлэхээ амласан.
2023 оны байдлаар АНУ-д шаардлагатай бичиг баримтгүй 11.7 сая гадаадын иргэн байгаа юм байна.
Либерал үзэл суртлын эсрэг тэмцэл
Трамп хүүхдүүдэд либерал үзэл суртлыг тулган хүлээлгэхтэй тэмцэхээ амласан, ялангуяа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, трансжендер солиорол болон бусад арьс өнгө, бэлгийн болон улс төрийн зохисгүй онолыг хүүхдүүдэд заадаг сургуулиудыг холбооны санхүүжилтээс хасна гэж мэдэгдсэн. Мөн тэрээр трансжендер хүмүүсийг эмэгтэйчүүдийн спортын тэмцээнд оролцуулахгүй байхаа амласан.
Үр хөндөлтийн асуудал
Трамп үр хөндөлтийг улс даяар хориглох тухай хуулийн төсөлд гарын үсэг зурах төлөвлөөгүй гэдгээ мэдэгдэж, муж бүр үр хөндөлтийн асуудлыг бие даан зохицуулахыг дэмждэг. 2022 онд Трампын ерөнхийлөгчийн үед томилогдсон Дээд шүүхийн шүүгчид үр хөндөлтийн эрхийг холбооны үндсэн хуулиар хамгаалсан 1973 оны Роу Вэйдтэй холбоотой АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүний үр дүнд хамгийн хуучинсаг үзэлтэй мужууд үр хөндөлт, тэр ч байтугай цус ойртолт, хүчингийн хэрэгт ч гэсэн хязгаарлалт тогтоогоод байна.
Украин дахь дайныг төгсгөл болгоно
Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үедээ хэрэв тэрээр ялвал 2025 оны нэгдүгээр сарын 20-нд албан ёсоор ажлаа эхлэхээс өмнө Украин дахь мөргөлдөөнийг эцэслэх боломжтой гэдгээ удаа дараа мэдэгдсэн. “Би үүнийг 24 цагийн дотор шийднэ” гэж Дональд Трамп амласан. Гэвч яг яаж шийдэх тухай тодорхой яриагүй байгаа.
Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ж.Д.Вэнс Бүгд найрамдах намын засгийн газрын энх тайвны төлөвлөгөөнд Украиныг эвсэлд үл нэгдэх статустай болгох, Орос улс шинэ бүс нутгуудад хяналтаа хэвээр үлдээх, холбоо барих шугамын дагуу цэрэггүй бүс байгуулах зэрэг заалтуудыг тусгасан гэж хэлсэн нь анхаарал татаж байгаа.
Ойрхи Дорнод дахь дайныг зогсооно
Трамп 10 дугаар сарын 7-нд Хамас Израиль руу дайрах боломж олгосон гэж Жо Байден, Камала Харрис нарын засаг захиргааг удаа дараа шүүмжилсэн. Хэрэв Трамп Ерөнхийлөгч байсан бол ийм зүйл болохгүй байсан гэж мэдэгдээд Израильд бүх талын дэмжлэг үзүүлж, мөргөлдөөнийг зогсооно гэж амласан.
Трамп мөн Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн ч Тегерантай “хэлэлцээ” хийж, Израиль, АНЭУ, Бахрейн, Марокко хооронд дипломат харилцаа тогтоох тухай түүний зуучилсан Авраамын хэлэлцээрт Ираныг оруулах боломжтой гэж амлаж байсан удаатай.
НАТО-д хандах хандлага
Трамп Ерөнхийлөгч байх хугацаандаа Америкийн НАТО-гийн холбоотнууд өөрсдийгөө батлан хамгаалахад хангалттай мөнгө зарцуулдаггүй, улмаар аюулгүй байдлын хариуцлагыг АНУ-д хүлээлгэж байна гэж удаа дараа шүүмжилсэн. Хоёрдугаар сард болсон сонгуулийн сурталчилгааны нэг цуглаан дээр Трамп үг хэлэхдээ, тэрээр дахин сонгогдсон тохиолдолд “НАТО-гийн зорилго, гүйцэтгэх үүргийг үндсээр нь эргэн харж, АНУ-аас Украинд илгээсэн зэвсгийн төлбөр 200 орчим тэрбум доллар”-ыг нөхөн төлөхийг Европын гүрнүүдээс шаардана гэж мэдэгдэж байсан. Америкийн хэвлэлүүд болон Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон Трамп Цагаан ордонд буцаж ирвэл АНУ-ыг НАТО-гоос гаргах шийдвэр гаргаж магадгүй гэж анхааруулж байсан.
Трампын эдгээр амлалт түүнийг ерөнхийлөгчөөр дахин сонгогдоход нөлөөлсөн гэж үзэж байна. Трамп ярьсан хэлсэндээ байх эсэх нь түүний үйл ажиллагаанаас харагдах болно.