БНХАУ, Япон, Өмнөд Солонгос улсын гадаад хэргийн сайд нарын 10 дахь удаагийн уулзалт Өмнөд Солонгосын Пусан хотод 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Гурван улсын гадаад хэргийн сайд нар хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө буюу 2019 онд уулзаж ярилцаж байсан юм.
БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Пак Жин, Японы гадаад хэргийн сайд Камикава Ёко нар цаг хагасын хугацаанд гадаад бодлогын 6 чиглэлийн асуудлаар ярилцжээ. Тэдний ярилцсан гадаад бодлогын зургаан чиглэл дотор эдийн засаг, худалдаа, технологи, энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагаа багтсан байна.
Сайд нар Солонгосын хойг, Украин, Ойрхи Дорнодын байдал зэрэг олон улсын асуудлын талаар санал солилцож, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн асуудал зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулахаар тохиролцжээ. Мөн саяхан Умард Солонгосын хөөргөсөн цэргийн тагнуулын хиймэл дагуулын талаарх асуудлыг хөндөж ярилцсан байна. Бүс нутаг дахь Умард Солонгосын асуудлаас эхлээд дэлхийн дахины нийтлэг асуудлуудад гурван улс нэгэн зүгт харж хамтарч ажиллах нь чухал гэдэг дүгнэлтэд гадаад хэргийн сайд нар хүрсэн байна. Энэ уулзалтаар оролцогч талууд Зүүн Хойд Азийн гурван том улс тогтворгүй байгаа харилцаагаа зөөлрүүлэх, дээд түвшний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон байна.
БНХАУ-ын зүгээс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тал дээр тусалж дэмжихэд бэлэн, Зүүн Хойд Азийн бүс нутгийн уур амьсгал тогтвортой байхад Хятад улс үргэлж томоохон үүрэгтэй оролцож ирсэн, Хятад улс гадны хөрөнгө оруулалтаа өргөжүүлж, худалдааны харилцаагаа тэлж, чөлөөт худалдааны гурван талт гэрээг сэргээх сонирхолтой байгаа гэдэг байр суурийг Ван И илэрхийлжээ. Үүний зэрэгцээ Зүүн Азийн бүс нутагт БНСУ болон Япон улсууд АНУ-тай ойртон түншилж, цэргийн хамтарсан сургууль хийж байгаад БНХАУ болгоомжтой хандаж байгаа, энэ гурван улсын хамтарсан түншлэл цаашид холбоотны хэмжээнд хүрч, бүс нутгийн харилцааг хэсэг бүлгийн харилцаа болгох, үзэл санааны хувьд бүс нутаг салангид болох вий гэж сэрэмжилж байгаагаа дурдан, Зүүн Хойд Азийн гурван том улсын хувьд Хятад, Япон, Өмнөд Солонгос нь бүлгийн үзэл санаа дэлгэрэхээс сэргийлэх хэрэгтэй гэсэн байр суурийг Ван И мөн илэрхийллээ.
Пак Жин, Камикава Йоко нар Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны ахиц дэвшлийг нааштайгаар үнэлж, гурван улс бол холдохын аргагүй хөршүүд бөгөөд гурван орны хамтын ажиллагаа асар их ач холбогдолтой, асар их нөөц бололцоотой гэж үзэж байна. Шинэ нөхцөл байдалд гурван орон хамтын ажиллагааны анхны зорилгоо эргэн харж, харилцаа холбоо, солилцоогоо эрчимжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг ахиулж, гурван орны ард түмэнд илүү бодитой үр өгөөж хүртээх ёстой. Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагаа Зүүн хойд Ази төдийгүй бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд эерэг үүрэг гүйцэтгэнэ. Бид "Хятад, Япон, Өмнөд Солонгос + X" хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, илүү олон улс орон, бүс нутагт үр өгөөжөө өгөх нээлттэй байр сууринаас хандахад бэлэн байна гэжээ.
Бүс нутгийн асуудлаас гадна өнөө цагийн дэлхий дахины асуудал болоод байгаа Израил, ХАМАС бүлэглэлийн мөргөлдөөний тухайд Газын зурвас дахь мөргөлдөөний улмаас үүсээд байгаа хүмүүнлэгийн ноцтой байдлыг сайжруулах нь чухал бөгөөд дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх ёстой гэдэгт талууд санал нэгдсэн байна.
Энэ удаагийн уулзалтын үр дүнд гурван улсын тэргүүн нарын дээд түвшний уулзалт зохион байгуулахаар зөвшилцөж, олон улсын нөхцөл байдал хурцадмал байгаа энэ үед хамтын ажиллагааны дорвитой үр дүнд хүрэхээр ажиллах болно гэж Японы гадаад хэргийн сайд Камикава Ёко уулзалтын дараа мэдэгдсэн байна. Тэд уулзалтынхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, оройн зоог барих байсан ч цаг хугацаа давчуу байсны улмаас цуцлагдсан байна.
Уулзалтын өмнө Хятад, Япон, Хятад Солонгос, Япон, Солонгос гэсэн хоёр талт уулзалтууд болж, өөр хоорондын санал зөрөлдөөнтэй асуудлаар ярилцжээ. Хятад Япон хоёр цөмийн хаягдал усны асуудал, Тайванийн асуудал, Солонгосын хойгийн асуудлаар ярилцсан. Харин Хятад Солонгосын хувьд аж үйлдвэрийн хэлхээ холбоо, Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцсэн байна. Япон Солонгосын хооронд дэлхийн хоёрдугаар дайны хохирогч, бэлгийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүдийн асуудал, мөн Солонгосын хойгийн асуудлаар ярилцсан байна.
Хятадын ГХЯ-наас гаргасан мэдээллээс үзвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Японы Гадаад харилцааны сайд Ёко Камикаватай уулзах үеэрээ “Удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Японы харилцааг эрүүл зөв замаар хөгжүүлэх ёстой. Хоёр тал стратегийн харилцан ашигтай харилцаа өрнүүлж, үүнтэй холбогдуулан тодорхой төлөвлөгөө, хуваарь гаргах хэрэгтэй” гээд Стратегийн харилцан ашигтай харилцаа сэргээх талаар Ван И гурван санал дэвшүүлжээ. Уулзалтаар хоёр тал Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, эдийн засгийн шинэ хэлцэл, хүмүүнлэгийн солилцооны дээд түвшний зөвшилцөх уулзалт хийх, мөн хоёр орны хооронд стратегийн хэлэлцээ хийх, тохиромжтой үед аюулгүй байдлын асуудлаар ярилцах, гадаад харилцааны асуудлаар тогтмол зөвшилцөх зэрэг асуудлаар санал нэгджээ.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хуралд оролцсон Японы сэтгүүлчид цөмийн хаягдал усны асуудлаар их асуудаг. Энэ уулзалтаар хойшид мэргэжилтнүүдийн хэмжээнд зөвшилцөл хийх талаар Хятад, Япон санал нэгдэж, асуудлыг бүтээлчээр зохицуулах арга замын талаар тохирчээ
Сүүлийн жилүүдэд гурван орны харилцаа тааламжгүй байсан. Иймээс эдгээр уулзалтын талаар олон улс ихэд сонирхон хүлээж байлаа. Хятад, Япон, БНСУ гурван орны харилцаа сэргэж байгаа нь онцлох үйл явдал юм. Энэ оны долдугаар сард Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны олон улсын форум болсон. Цар тахлаас хойш анх удаа танхимаар зохион байгуулсан уг форум нь гурван орны харилцаа сэргэж буй тодорхой дохио өгсөн юм. Түүнээс хойш өндөр түвшний дипломатууд хоёр сар тутамд тогтмол уулзаж байв. Дипломат алхмууд харилцаа холбоог ойртуулж, гурван орон хамтын ажиллагаагаа сэргээх хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлж байсан юм.
Сая болсон гурван талт уулзалт ширээний ард сууж нүүр тулан нухацтай ярилцах боломж байлаа. Хятад, Америкийн өрсөлдөөний нөхцөлд харилцаа нь сүүлийн хэдэн арван жилийн туршид байгаагүйгээр хүйтэрсэн үед Азийн энэ гурван улс харилцаагаа сэргээхийг чармайж байгаагийн нэг тэмдэг нь энэ уулзалт болж байна гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Япон, Хятад, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд нар гурван орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах чиглэлд гаргах хүчин чармайлтыг эрчимжүүлэхээр тохиролцжээ. Гурван улс хамтын ажиллагааны ийм механизмтай болсон 20 гаруй жилд энэ тогтолцоо улам төлөвшиж, энэ хүрээнд асуудлыг зохицуулахад дөхөм болсон нь сайшаалтай.
Гурван талт уулзалтын албан мэдээнд, "Гурван талын хамтын ажиллагаа зүүн Азийн хүрээнээс хальж бүс нутаг, дэлхийн энх тайван цэцэглэлт хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой" гэж тэмдэглэсэн байна. Хятад Япон БНСУ-ын хүн ам дэлхийн хүн амын 20 хувийг эзэлж, энэ гурван улсын эдийн засаг дэлхийн эдийн засгийн 25 хувьтай тэнцэж, аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар Ази Номхон далайд гол ноён нуруу болж байгаа юм. Ийм нөхцөлд гурван орон яриа хэлэлцээгээ сэргээж ойртон харилцаж эхэлсэн нь Ази төдийгүй дэлхийд дахинд чухал ач холбогдолтой гэж үзэж болох юм.