Тайваний хууль тогтоох юань (парламент)болон гүйцэтгэх засаглалын тэргүүний сонгууль өнгөрсөн бямба гарагт болов. Сонгуулийн төв хорооны мэдээлснээр, сонгуулийн ирц 69.8 хувьтай, 19.5 сая хүн сонгуульд оролцох эрхтэй байжээ.
Засаг захиргааны тэргүүний сонгуульд Тайваний тусгаар тогтнолыг дэмжигч Ардчилсан дэвшилт намын дарга Лай Чиндэ 40.05 хувийн санал авч ялалт байгуулсан байна. Эх газартай яриа хэлэлцээ сэргээхийг дэмжигч сөрөг хүчний Гоминданы намаас нэр дэвшигч Хоу Юй 33.4 хувийн санал авч хоёрдугаар байрт оржээ. Тайваний өнөөгийн байдал, амьдралын хэв маягийг хадгалахын зэрэгцээ Бээжин, АНУ-тай харилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн Тайваний Ардын намын дарга Ко Вэнже 26.45 хувийн санал авч гуравдаугаар байрт орсон байна. Сонгуульд ялсан Лай Чиньдэгийн тангараг өргөх ёслол 2024 оны тавдугаар сарын 20-нд болох юм байна.
Үүний зэрэгцээ Ардчилсан дэвшилт нам сонгуулийн дүнгээр Хууль тогтоох юанийн 11 суудлаа алдаж парламентад 51 суудал авсан бол сөрөг хүчин Гоминдан нам 52, Тайваний Ардын нам найман суудал авсан байна. Ийнхүү 2004 оноос хойш анх удаа нэг ч нам парламентад олонхи болж чадаагүй бөгөөд үүнд хамгийн багадаа 57 суудал авах шаардлагатай байжээ.
Тайваний сонгууль дэлхийн олон нийтийн анхаарлын төвд байсан, энэ нь гол нь сонгуульдаа биш, харин энэ сонгууль Хятад, Америкийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт оршиж байсан юм.
2020 оноос хойш Цай Инвэний удирдлага дор дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Лай Чиндэ ялалт байгуулсан нь Тайванийн бүрэн эрхт байдал, Хятадаас тусдаа үндэсний өвөрмөц байдлыг бий болгосон засгийн газрын бодлогын үргэлжлэл болж байна.
Сонгуулийн дүн тодорхой болсны дараагаар Лай Чиндэ хэлсэн үгэндээ, Хятадтай “эрх тэгш байдал”-д хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Америкийн Ерөнхийлөгч Жо Байдан Тайваний тусгаар тогтнолыг дэмжихгүй гэж мэдэгдсэн ч түүний ялалт Тайбэй болон Бээжингийн харилцааг сайжруулах магдлал багатай гэж шинжээчид үзэж байна.
Лай Чиндэгийн хэлсэн үгнээс үзэхэд АНУ-тай ойр дотно харилцахын зэрэгцээ эх газрын Хятадтай аль болох сөргөлдөхгүй байхыг хичээсэн байдал ажиглагдаж байна.
Парламентад олонхи болж чадаагүй болохоор түүний цаашид явуулах бодлогод тодорхой бэрхшээл тулгарах болно.