Монгол Улсын баруун аймгуудтай хил залган оршдог Шиньжянь Уйгарын Өөртөө Засах Оронд 2015 оны байдлаар 180600 монгол үндэстэн оршин сууж байсан нь ШУӨЗО-ны хүн амын дөнгөж 0.83 хувийг эзэлж байсан. Монгол үндэстэн хэдийгээр цөөн ч гэсэн энд Монгол үндэстний хоёр ч Өөртөө засах тойрог байдаг. Энэ нь Баянголын монгол үндэстний өөртөө засах тойрог, Бор талын монгол үндэстний өөртөө засах тойрог юм.
Миний бие Монгол Улсаас БНХАУ–д суугаа ЭСЯ–нд элчин зөвлөхөөр ажиллаж байхдаа 2003 оны 5 дугаар сарын 12–17–ны өдрүүдэд манай улстай хил залгаа БНХАУ–ын Шиньжань Уйгарын Өөртөө Засах Оронд томилолтоор очсон юм. Энэ үеэр Баянголын монгол тойрогт зочлох аз завшаан тохиосон билээ.
Тус тойрог нь 1954 онд байгуулагдсан, Нутаг дэвсгэр - 462,700 км², 1 278 486 хүн амтай. 43544 монгол үндэстэн байгаа нь хүн амын 4.12 хувь эзэлдэг. Засаг захиргааны төв нь Хорол хот.
ШУӨЗО манай улстай өргөн уудам нутгаар хиллэлдэг, энэ чиглэлээр манай талаас Даян, Булган, Бургастай гэсэн хилийн гурван боомт ажилладаг. Манай улсын баруун таван аймаг энэ ӨЗО-той өргөн харилцаатай. Иймээс тус ӨЗО нь манай улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхол, боломж ихтэй. Би тус ӨЗО-ны Ардын Засгийн газрын гадаад хэрэг эрхлэх газрын удирдлагатай уулзаж тус мужийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал, төлөвийн талаар мэдээлэл авч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.
ШУӨЗО–д байгаа монгол үндэстэнүүд гол нь Урумч хот болон Баянгол, Ховог сайр, Бортал гэсэн гурван монгол үндэстний өөртөө засах тойрог, аймгуудад байдаг юм билээ. Энэ удаа Монгол үндэстний өөртөө засах тойрогт зочилж, монголчуудын амьдрал ахуйтай танилцсан нь сонин байлаа. Би монголчууд оршин суудаг засаг захиргааны нэгжийн нэг болох Баянголын монгол үндэстний тойрогт зочилж, тойргийн удирдлагуудтай уулзан нутгийн монголчуудын амьдрал байдалтай газар дээр нь танилцсан юм. Нутгийн удирдлагууд намайг Монгол улсаас ирсэн хоёр дахь зочин гэж онцлон ярьж байсан. Алс хол оршдог учраас манай улстай харилцаа холбоо сайн тогтоож амжаагүй байсан үе.
Энэхүү тойрог нь их өвөрмөц байршилтай. Тэнгэр уулын өвөрт, Такла-Маканы их цөлийн хойд хэсэгт байрладаг. Байгалийн баялаг ихтэй, ШУӨЗО-ны газрын тос болон байгалийн хийн гол үйлдвэрлэгч учраас эдийн засгийн хүчин чадал сайтай, мөн газар тариалан ч сайн хөгжүүлсэн, Францаас усан үзмийн сорт авчирч тариалж, маш сайхан дарс үйлдвэрлэдэг. Биднийг очих үед тус тойрог нь нэг сая гаруй хүн амтай, түүний 40000 гаруй нь монголчуудбайсан бөгөөд тэд үндсэндээ 4 хошуунд амьдардаг ажээ. Тэд голдуу торгуудууд бөгөөд 300 гаруй жилийн өмнө Ижил мөрнөөс буцан ирж, Баянгол гэдэг газарт амьдрах болсон юм байна. Хэдийгээр манай улсаас алс хол (Тэнгэр уулыг давж байж хүрч очно) оршдог боловч харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж ихтэй, хөрөнгө мөнгө сайтай тойрог юм. Бидэнтэй уулзсан уугуул монголчууд болон орон нутгийн удирдлагууд манай улстай харилцаа холбоо хөгжүүлэх их хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан.
Хятадын цөөнхи үндэстний өөртөө засах районуудад очиход намын дарга нь голдуу хань (хятад) үндэстэн байдаг. Харин энэ тойрогт Намын дарга, Хурлын дарга, Засгийн газрын дарга нар нь бүгд монгол үндэстэн байсан нь онцлогтой байлаа. Энэ нь бас нарийн учиртай ажээ. Хүн амын олонхи нь хятад, уйгар үндэстнүүд учраас хятад дарга тавихаар уйгарууд дургүй, уйгар дарга тавихаар хятадууд дургүй учраас монгол үндэстний дарга тавьдаг гэж ярьж байсан. Тэгээд ч Баянгол нь монгол үндэсний өөртөө засах тойрог нэртэй учраас монгол дарга тавих нь бас зохимжтой.
Тус тойргийн захиргааны нарийн бичгийн дарга Пүрэв агсан биднийг дагалдан малчин монголчууд оршин суудаг Дөрвөд хошуунд очихоор явахад хошууны хурлын дарга нь бас дагалдан явсан юм. Тэд биднийг их халуун дотно хүлээн авсан. Малчин айлууд, монгол үндэстний сургуулиар орж танилцсан. Монгол сургууль нь монгол хэл, бүр тод үсэг үзэж байсан. Орой нь бидэнд зориулан зоог барьсан нь бүр ч сонирхолтой байлаа. Яг л манай хөдөөний айлын найр маягтай юм болсон. Байсхийгээд л нэг хүн орж ирж нэмэгдсээр өрөө дүүрэн хүн болсон. Сургуулийн захирал, эвлэлийн үүрийн дарга, захиргааны ажилтан гээд л орж ирээд байсан. Оройжин дуу дуулж найрласан. Тэд өөрсдөө торгуудаар ярих бөгөөд бидний монголоор ярьсанг сайн ойлгож байсан. Тэд монгол заншил, хэл соёлоо харьцангуй сайн хадгалж үлдсэн байна. Тэд манай улстай харилцах, жинхэнэ уугуул нутгаа үзэх хүсэл эрмэлзэл их байгаа нь мэдрэгдэж байсан.
Энэ нутаг хэдийгээр өндөрлөг газарт байдаг боловч байгалийн маш их үзэсгэлэнтэй, өвс ургамал нь тэгширсэн маш сайхан хөндий бөгөөд малчин хүмүүст нэн тохиромжтой нутаг байсан.
БНХАУ-ын Шиньжянь Уйгурын ӨЗО-ын хамгийн том нуур болох Бөст нуур (уйгураар Баграш кель) энд байдаг. Бост нуур орчимд хошуд, ойрад монголчууд аж төрөн суудаг. Энэ нуурт жил бүр хэдэн зуун хунгийн чуулган болдог бөгөөд түүнийг үзэх гэж гадаадын олон жуулчин очдог гэсэн. Гонче гол тус нуураас эх авч Хорол хотын дундуур урсдаг. Хорол хот маш сайхан тохижсон хот байсан. Гонче голын урсацыг түргэтгэх үүднээс үе үе саад барьж, өнгө өнгийн гэрлээр чимсэн нь олон үелсэн хүрхрээ адил үзэсгэлэнтэй харагдаж байсан. Манайхан ийм зүйл Сэлбэ гол дээр барих гэж санаархсан боловч баахан мөнгө үрсэн бүтэлгүй ажил болсныг бид мэднэ.
Манай торгууд болон ойрод судлаачид энэ талаар илүү их юм бичих байх гэж найдаж байна.
Баянголын монгол үндэстний өөртөө засах тойрогийн Дөрвөд хошуунд
Монгол айлын гэрт
Баянголын монгол үндэстний өөртөө засах тойрогийн төв Хорол хотод
Тойрогийн удирдлагуудын хамт
Баянголын монгол үндэстний өөртөө засах тойрогт
Монгол айлд гэрийн эзний хамт