Энэ 7 хоногт ОХУ-ын Казань хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Өрнөдийн хэвлэл мэдээлийн хэрэгсэл, улс төрчид уг уулзалтыг сөрөг талаас нь харж ярьж мэдээлж байсан. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэр хүнд өсч, ОХУ-ыг ганцаардуулах гэсэн Өрнөдийн бодлого, оролдлого бүтэлгүй болж байгаатай холбоотой. Харин дэлхийн өмнөд бүс нутгийн хөгжиж буй орнууд энэ уулзалтыг нааштай хүлээн авч идэвхтэй оролцож байгаа нь дэлхий дахинаа илүү шударга, эрх тэгш олон улсын шинэ дэг журам тогтоох чиглэл баримталж байгаа БРИКС-т ихээхэн найдвар тавьж, ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Ингээд энэ уулзалтын эргэн тойронд болсон үйл явдлуудын тухай товч мэдээлэл хүргэе.
1. БРИКС-ийн тухай товчхон
БРИКС нь эдийн засгийн өсөлт, хөгжлийн өндөр боломжтой орнуудын засгийн газар хоорондын холбоо бөгөөд 2006 онд байгуулагдсан. Энэ нэр нь таван улсын эхний үсгүүдээс бүрдсэн товчлол бөгөөд B - Бразил, R - Орос, I - Энэтхэг, C - Хятад, S - Өмнөд Африк улсууд юм. 2024 оны нэгдүгээр сараас Египет, Иран, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Этиоп улсууд шинээр гишүүн болсон.
БРИКС-ийн зорилго нь:
• шинээр гарч ирж буй санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах;
• оролцогч орнуудын хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх;
• түүхий эдээс өндөр технологийн үйлдвэрлэлд шилжих гэж тодорхойлсон байдаг.
БРИКС-ийн гишүүд НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомжид суурилсан харилцааг бий болгохоор тохиролцсон бөгөөд баримталдаг гол зарчим нь нээлттэй байдал, прагматизм, шийдвэр гаргахдаа эв нэгдэл, гуравдагч этгээдтэй харилцахдаа төвийг сахих явдал юм.
БРИКС гишүүн орнууддаа тогтвортой, таатай эдийн засгийн орчин бүрдүүлэхийн зэрэгцээ худалдаа хөгжүүлж, харилцан хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхийг хүсэж байна. Түүнчлэн улс орнууд банк хоорондын харилцаа тогтоох, харилцан төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглах тал дээр анхаарч ажиллаж байна.
БРИКС нь одоо дэлхийн хуурай газрын гуравны нэгийг эзэлдэг, манай гарагийн нийт хүн амын 45 гаруй хувь нь энд амьдардаг бөгөөд газрын тосны нөөцийн 45 орчим хувь нь хадгалагдаж байна. Эдгээр улс дэлхийн ДНБ-ний 30 орчим хувийг үйлдвэрлэж, дэлхийн алтны нөөцийн 17 гаруй хувийг банкандаа хадгалдаг байна.
Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны ажлыг зохицуулах үүрэг нь жил бүрийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах улсад шилждэг. 2024 оны нэгдүгээр сараас эхлэн Орос улс энэ ажлыг хүлээж авсан. БРИКС-ийн орнууд ОХУ тэргүүлсэн 2024 онд 200 гаруй ажил, арга хэмжээг зохион байгуулсан байна. 2024 онд БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн хамтын нийгэмлэгийг олон туйлттай болгохыг зорьж, олон улсын гол асуудлаар нэгдсэн байр суурьтай байхыг хичээж иржээ.
2. БРИКС-ийн 2024 оны дээд хэмжээний уулзалт
БРИКС-ийн 16 дахь дээд хэмжээний уулзалт 2024 оны 10 дугаар сарын 22-24-нд ОХУ-ын Казань хотод боллоо. Уг арга хэмжээнд 36 улс, түүний дотор 24 орны төр, засгийн тэргүүн, НҮБ болон олон улсын 6 байгууллага оролцов. Дээд хэмжээний уулзалтын сүүлийн өдөр БРИКС+(BRICS Plus/Outreach) форматаар уулзалт хийлээ.
Энэ дээд хэмжээний уулзалтад Монгол улсыг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар оролцсон юм байна. Гэтэл энэ талаар манай хэвлэлүүдэд огт ярихгүй байгаа нь сонин байна. Ер нь манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл өрнөдийг аялдан дагадаг нь энэ удаа ч бас харагдаж байна.
БРИКС-ийн удирдагчид энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан хамтарсан тунхаглалдаа дэлхий дахины өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, БРИКС-ийг энэ онд даргалсан ОХУ-ын үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэж, урт хугацаанд хамтран ажиллах удирдамжийг тодорхойлсон байна. Тунхаглалыг хамтарсан баримт бичиг болгон НҮБ-д хүргүүлнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
Уг Тунхаглал нь оршил хэсэг, “Дэлхийн илүү шударга, ардчилсан дэг журам тогтоохын төлөө олон талт үзлийг бэхжүүлэх нь”, “Дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”, “Дэлхийн эрх тэгш байдлыг хангах үүднээс санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь”, “Нийгэм, эдийн засгийн хөгжлийн ашиг сонирхолд нийцүүлэн хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх” гэсэн дөрвөн хэсгээс бүрдсэн байна.
Баримт бичигт “Бид нийтлэг ашиг сонирхол, гол тэргүүлэх чиглэлд тулгуурлан БРИКС-ийн орнуудын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, стратегийн түншлэлийн харилцаагаа улам сайжруулахын чухлыг дахин нотолж байна” гэжээ.
Нэмж дурдахад, БРИКС-ийн нөлөө дэлхийн тавцанд улам нэмэгдэж байгаа учраас олон орон тус холбоонд элсэх хүсэлтэй байна. Гэвч сүүлийн үед тус холбоо нь бараг хоёр дахин томорсон тул одоо шинээр гишүүн элсүүлэх ажлаа түр хойшлуулсан байна. Олон арван орныг шинээр элсүүлэхээс өмнө одоогийн БРИКС-ийн гишүүн орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам сайжруулах, мөн шинээр гишүүн элсүүлэх шалгуурыг тодорхой болгохоор шийдсэн байна. уг тунхаглалд дэлхийн өмнөд бүсийн улс орнууд нэгдэхийг ихээхэн сонирхож байгааг онцлон тэмдэглээд "БРИКС-ийн түнш орнууд гэсэн ангиллын загвар” гаргахыг дэмжсэн байна. Хөгжиж буй орнуудтай БРИКС-ийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа БРИКС-ийн орны удирдагчид илэрхийлжээ.
Энэхүү шийдвэрийн үндсэн дээр БРИКС-ийн түнш орны статусыг энэ удаа 13 улс авчээ. Тухайлбал, Турк, Казахстан, Узбекистан, Алжир, Беларусь, Боливи, Куба, Индонези, Малайз, Нигери, Тайланд, Уганда, Вьетнам улсууд түнш орон болжээ.
Баримт бичигт дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн хамтран ажиллах, БРИКС-ийн орнуудын санхүү, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэх талаар дурдсан байна. Тодруулбал, хууль бус хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн нэмэгдэж байгааг тус холбооны гишүүд онцолжээ.
БРИКС-ийн орнуудын удирдагчид хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаас гадна холбооны гишүүд болон худалдааны түншүүд хоорондын санхүүгийн гүйлгээнд үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахыг сайшааж байна гэж дурджээ.
БРИКС-ийн хүрээнд нэгдсэн валют бий болгох асуудал сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж байсан. 2022 оноос хойш эвслийн гол гишүүн орнуудад өрнөдийн орнуудын зүгээс хориг арга хэмжээ авах дарамт улам нэмэгдсэн учраас энэ асуудал шинэ шатанд гарсан. 2023 оны 8 дугаар сард Йоханнесбургт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид санхүүгийн зохицуулалт, тэр дундаа БРИКС-ийн бүх орны мөнгөн тэмдэгтийн сагсанд үндэслэн тооцож болох нэгдсэн нөөц валют бий болгоход онцгой анхаарал хандуулсан. Харин энэ удаа нэгдсэн валют бий болгох асуудлыг цаг нь болоогүй гэж үзсэн байна. Үүний оронд Орос улс БРИКС-ийн түншүүддээ дижитал валютыг хөрөнгө оруулалтад ашиглахыг санал болгожээ. БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчид энэ удаа "Brics Clear" хэмээх бие даасан хил дамнасан төлбөр тооцоо, хадгаламжийн дэд бүтцийг бий болгох боломжийг судлах, улс орнуудын хооронд үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх төлбөр тооцооны хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
ОХУ тус байгууллагыг тэргүүлсэн зөвхөн энэ онд улс төр, эдийн засаг, нийгмийн 200 гаруй арга хэмжээг зохион байгуулжээ. Түүний дотор БРИКС-ийн залуучуудын дээд хэмжээний уулзалт, эмэгтэй бизнес эрхлэгчдийн форум, Спортын их наадам, "БРИКС-ийн аж үйлдвэрийн шинэ хувьсгал" үзэсгэлэн 2024, БРИКС-ийн бизнесийн зөвлөлийн хурал, БРИКС-ийн орнуудын их сургуулийн ректоруудын форум, БРИКС-ийн шилдэг эмэгтэйчүүдийн стартапын тэмцээн гэх мэт маш олон уулзалт, форум, семинар, фестиваль, тэмцээн зохион байгуулсан байна.
Өнөөдөр БРИКС нь дэлхийн олон туйлт шинэ дэг журмыг тогтоохыг дэмждэг олон улсын хамтын ажиллагааны нэг чухал платформ болж байна. БРИКС-ийн 16 дахь дээд хэмжээний уулзалт дэлхийн улс төрийн амьдралд чухал үйл явдал боллоо.
Казань хотод болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт нь Оросын хувьд эргэлзээгүй амжилт болсон бөгөөд Орос улс даргынхаа үүргээ биелүүлэхэд хариуцлагатай хандсан гэж үзэж болохоор байна.
Олон улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээд хэмжээний уулзалтын үеэр БРИКС-ийг "шинэ эрч хүч, хэтийн төлөв" авчирч, тогтвортой байдал, хөгжлийг харуулсан "олон улсын хөгжил дэвшлийн механизм" гэж тодорхойлсон нь анхаарал татаж байна. БРИКС дэлхийн өмнөд бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, геополитикийн хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, санхүүгийн тогтворгүй байдал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргахаас гадна дэлхийн засаглалыг илүү эрх тэгш, шударга, хүртээмжтэй болгоход чиглүүлнэ гэж найдаж байгаагаа ч бас илэрхийлжээ.