БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийлээ. Энэ нь В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа хийж буй анхны гадаад оронд хийсэн айлчлал юм. Энэ онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ши Жиньпин, В.Путин нар айлчлалын үеэр хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар өргөн хүрээтэй санал бодлоо солилцсон байна.
Хоёр орны төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, БНХАУ, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан “Шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл"-д гарын үсэг зурсны зэрэгцээ хоёр тал хамтын ажиллагааны 10 гаруй чухал баримт бичигт гарын үсэг зуржээ. Төрийн тэргүүн нар 2024, 2025 онд болж байгаа Орос, Хятадын соёлын жилийн нээлтийн ёслолд оролцсон байна. ОХУ-ын төрийн тэргүүн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, Харбин хотод болсон Орос-Хятадын VIII ЭКСПО үзэсгэлэнгийн нээлтэд мөн оролцжээ.
Албан ёсны хэлэлцээний үеэр Хятадын дарга Ши Жиньпин Хятад, Орос хоёр улс хоорондын шинэ хэлбэрийн харилцаа, томоохон хөршүүдийн харилцааны үлгэр жишээг бусдад харуулж байгааг тэмдэглээд хоёр тал дараах таван зарчмыг баримталж ажилласны хүчинд энэ бүхэн бий болсон гэж дурджээ. Үүнд:
Нэгдүгээрт, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр хоёр талын язгуур эрх ашигт хамаарах асуудлаар бие биенээ тууштай дэмжиж байгаа.
Хоёрдугаарт, хамтын ажиллагааны шинэ архитектурыг бүрдүүлэхийн тулд хамтдаа хожих зарчмыг баримталдаг.
Гуравдугаарт. Олон зуун жилийн найрамдал нөхөрлөлийг тууштай баримталж, энэ найрамдлын бамбарыг үеэс үед дамжуулна. Хятад, Орос хоёр улс эртний түүх, гайхалтай соёлоороо алдартай.
Дөрөвдүгээрт. Стратегийн хамтын ажиллагааны үүднээс дэлхийн засаглалын ялгааг зөв чиглэлд дэмжинэ. Хятад, Орос хоёр тал олон улсын эрх зүйд суурилсан НҮБ төвт олон улсын тогтолцоо, дэлхийн дэг журмыг тууштай баримталж, НҮБ, АПЕК, G20 зэрэг олон талт тавцан дахь байр сууриа нягт уялдуулж, жинхэнэ олон туйлт ертөнц үүсэх, эдийн засгийн даяаршлын үйл явцыг ахиулна.
Тавдугаарт. Үнэн, шударга ёсны төлөө халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжинэ. Өнөөгийн ертөнцөд хүйтэн дайны үеийн сэтгэхүй газар авсаар байна. Нэг талын ноёрхол, блокуудын сөргөлдөөн, хүчирхэг улс төр нь дэлхийн энх тайван, бүх улс орны аюулгүй байдалд шууд заналхийлж байна гэжээ.
Бээжинд болсон хэлэлцээний үр дүнд гаргасан иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Орос, Хятадын харилцаа нь хүйтэн дайны үеийн цэрэг-улс төрийн эвсэл шиг блок, сөргөлдөөний шинж чанартай биш, гуравдагч орны эсрэг чиглээгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Шинээр хөгжиж буй олон туйлт ертөнцийн бие даасан төвүүдийн хувьд Орос, Хятад хоёр улс энэ үйл явцыг эрх тэгш, дэг журамтай урагшлах, олон улсын харилцааг ардчилсан болгохын тулд хоёр талын харилцааны нөөц бололцоогоо бүрэн ашиглаж, шударга, оновчтой олон туйлт дэлхийн дэг журмыг байгуулах хүчин чармайлтаа нэгтгэх болно гэж дурджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хиймэл оюун ухааныг ашиглах ёс зүйн зарчмуудыг боловсруулахаас эхлээд неоколоничлолыг таслан зогсоох, Дэлхийн 2 дугаар дайны түүхийг мушгин гуйвуулахаас урьдчилан сэргийлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар хамтран ажиллахаа тунхагласан байна. Хоёр тал харилцан хөрөнгө оруулалт, хоёр талын худалдаа, түүн дэх үндэсний мөнгөн тэмдэгтийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, энх тайвны цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа, тэр дундаа атомын цахилгаан станцыг хамтран барих, дамжин өнгөрөх тээврийн маршрутыг шинээр бий болгохоор тохиролцжээ. Хамтарсан мэдэгдэлд Украины талаарх Хятадын “бодиттой, шударга байр суурийг” Оросын тал сайшааж байгааг тэмдэглэжээ. "Талууд мөргөлдөөнийг сунжруулах, мөргөлдөөнийг улам хурцатгахад нөлөөлсөн аливаа алхамыг зогсоох шаардлагатайг тэмдэглэж, түүнийг хяналтгүй байдал руу шилжүүлэхээс урьдчилан сэргийлэхийг уриалж, Украины хямралыг шийдвэрлэх оновчтой хэлбэр болох яриа хэлэлцээний ач холбогдлыг онцлон тэмдэглэв " гэж баримт бичигт мөн дурджээ.
Хоёр тал дараах 10 баримт бичигт гарын үсэг зуржээ. Үүнд:
• Газар нутаг нь Хятад, Оросын хооронд хуваагдсан Большой Уссурийскийн арлыг хөгжүүлэх үзэл баримтлал;
• Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
• Роспотребнадзор болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын нутаг дэвсгэрийн ариун цэврийн хамгаалалтын хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө;
• Оросоос Хятадад экспортолж буй Иерусалим артишок ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай протокол;
• ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй үхрийн маханд хийсэн хяналт шалгалт, хорио цээрийн болон мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай протокол;
• ИТАР-ТАСС болон Синьхуа агентлаг хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр;
• БРИКС-ийн орнуудын шинжээчдийн форумыг зохион байгуулах тухай санамж бичиг;
• Газпром-Медиа Холдинг болон Хятадын Медиа Корпораци (CMG) хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг;
• Бизнес Орос, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны хамтын ажиллагааны санамж бичиг;
• «Земля больших кошек» (Том муурны газар нутаг) хил дамнасан нөөц газар байгуулах тухай хэлэлцээр зэрэг болно.
2023 оны Хятад, Оросын худалдаа хоёр онцлогтой байжээ. Нэгдүгээрт, хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 2019 онд БНХАУ, ОХУ-ын удирдагчдын дэвшүүлсэн 200 тэрбум ам.долларын зорилтыг хугацаанаас нь өмнө давж, 240.1 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ. 2023 онд Хятадаас Орост хийсэн экспорт 46.9%-иар нэмэгдэж 110.97 тэрбум ам.доллар болсон бол Оросоос Хятадад хийсэн экспорт 129.13 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эрчим хүчний хамтын ажиллагаа бол Хятад Оросын бизнесийн хамтын ажиллагааны хамгийн чухал салбар юм. 2023 онд Хятад улс Оросоос 107 сая тонн газрын тос импортолсон бөгөөд Орос Хятадад хамгийн том газрын тос нийлүүлэгч болсон нь хоёр орны хувьд стратегийн ач холбогдолтой юм.
Хоёрдугаарт, Хятад, Орос хоёр үндэсний мөнгөн тэмдэгтийг өргөн ашигладаг болжээ. 2023 онд хил дамнасан төлбөр тооцооны 90 гаруй хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийсэн бөгөөд үүний 33 хувийг рубль, 60 хувийг юань, 7 хувийг бусад мөнгөн тэмдэгт эзэлж байна. Хэдийгээр энэ нь өнөөгийн геополитикийн нөхцөл байдлаас ихээхэн шалтгаалж байгаа ч Хятад, Оросын хооронд үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх нь түүхэн ач холбогдолтой бөгөөд БРИКС-ийн орнуудын худалдааны төлбөр тооцоонд тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтийг ашиглахыг дэмжиж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоог хэрхэн найдвартай хийх, тогтвортой болгох вэ гэдэг нь хоёр орны өмнө тулгамдаж буй чухал асуудал ажээ.
Хятадын төрийн мэдлийн “Global Times” сонин баасан гарагийн нийтлэлдээ Хятадыг сүүлийн 13 жил дараалан Оросын хамгийн том худалдааны түнш байсаар ирснийг тэмдэглэсэн байна. Хоёр орон янз бүрийн гадаад сорилт, таагүй хүчин зүйлийг даван туулж чадсанаар энэхүү амаргүй ололт амжилтад хүрсэн бөгөөд энэ нь Хятад, Оросын харилцааны бат бөх үндэс суурийг харуулж байна” гэж нийтлэлд өгүүлжээ.
Путиний Харбинд хийсэн айлчлал нь эдгээр эдийн засгийн харилцааг бэхжүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг гэж харагдаж байна. Орос, Хятадын худалдааны экспогийн нээлтийн ёслол дээр Путин хоёр орны эрчим хүчний салбарын харилцааг сайшаагаад, “Орос улс Хятадын эдийн засаг, аж ахуйн нэгж, хот, суурин газруудыг хямд, байгаль орчинд ээлтэй эрчим хүчээр тасралтгүй хангахад бэлэн” гэж хэлсэн байна. Түүнчлэн “Дэлхий дахин технологийн хувьсгалын босгон дээр байгаа энэ үед бид дэвшилтэт технологи, инновацын салбарт хоёр талын хамтын ажиллагааг тууштай гүнзгийрүүлэхээр зорьж байна” гэж нэмж хэлжээ.
Оросын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Гадаадын хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийн байдлаас харахад Өрнөдийн орнууд энэ хоёр улсын ойртолт нь АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудын эсрэг чиглэж байгааг тэмдэглэж байгаа бол хөгжиж буй орнууд олон туйлт ертөнцийг бий болгоход хоёр орон чухал үүрэгтэйг онцлож, нааштай хандаж байна.