Нидерландад энэ оны 11 дүгээр сарын 22-нд болсон парламентын сонгуулийн дүн гарчээ. Европын холбооноос гарахыг дэмжигч, лалын шашинтны эсрэг үзэлтэй, цагаачлагчдыг эсэргүүцэгч Герт Вилдерсийн “Эрх чөлөө” нам ялалт байгуулжээ.
Герт Вилдерсийн цагаачид болон лалын шашны талаарх мэдэгдэл Голландын сонгогчдод их таалагдаж, түүний намыг сонгуульд ялахад хүргэсэн гэж ажиглагчид үзэж байна.
Герт Вилдерс “Эрх чөлөө” намыг (PVV) 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд өмнөх хоёр сонгуулиар саналын тоогоор хоёр, гуравдугаар байрт хүртэл бичигдэж байсан учраас сонгогчид сайн мэддэг ажээ. Харин эрх баригч нам түүнийг засгийн газрын эвсэлд аваагүйн улмаас сөрөг хүчин хэвээр үлдэхээс аргагүйд хүрч байжээ.
Нидерландын парламентын энэ удаагийн ээлжит бус сонгуулиар Герт Вилдерсийн “Эрх чөлөө” нам (PVV) 37 суудал авч олонхи болж засгийн газар байгуулах эрхтэй боллоо. Харин засгийн газрын эвсэл байгуулах нь Европын хэт барууны үзэлтнүүдийн “Эрх чөлөө” намын хувьд хэцүү ажил байх болно. Учир нь олон жилийн турш Нидерландын тэргүүлэх улс төрийн хүчнүүд хэт барууны үзэлтэй түүний намтай хамтран ажиллахаас зайлсхийж байсан юм. Саяны сонгуулийн дараа ч гэсэн тус улсын өөр гурван том нам ноён Вилдерстэй харьцахаас аль хэдийн татгалзсан байна.
Герт Вилдерс Исламын эсрэг үзлийг “Эрх чөлөө” намын нэрийн хуудас болгож, Лалын сүм, Коран судар болон засгийн газрын байранд лалын шашны алчуур зүүхийг хориглох, цагаачлалын эсрэг уриалга нь түүний улс төрийн гол тунхаглал байсан. Иймээс түүний амь насанд заналхийлэх болсон тул цагдаа нар түүнийг өдөр бүр хамгаалалтад авч байжээ.
Түүний хөтөлбөрийн хоёр дахь гол зүйл нь евроскептицизм байв. Өнгөрсөн хугацаанд Герт Вилдерс ЕХ-ны дотор нээлттэй байгаа Нидерланд улсын хилийн хяналтыг сэргээхийг санал болгож, Европын холбооноос гарах тухай бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, Европ дахь Оросын эсрэг үзлийг ил тод эсэргүүцэж байсан. 2018 оны 3 дугаар сард Крымын үйл явдлын улмаас Орост найрсаг бус хандах нь Европын гол урсгал болоод байсан үед Герт Вилдерс Москвад айлчилж, Оросын удирдагчид, түүний дотор Гадаад хэргийн дэд сайдтай уулзаж хоёр талын харилцааг бэхжүүлэх талаар ярилцаж байжээ.
2022 оны 2 дугаар сарын үйл явдлын дараа Герт Вилдерс ОХУ-аас зай барих болж, Украин дахь Оросын үйл ажиллагааг алдаа гэж нэрлэж байсан байна. Гэхдээ тэрээр Европын олонхи улс төрчдийн адил Киевийг шүтэн бишрэгч болсонгүй, сонгуулийн мэтгэлцээний үеэр Эрх чөлөөний намын дарга украинчуудад дахин зэвсэг нийлүүлэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэж байжээ.
Энэ удаагийн сонгуулийн өмнөхөн эвслийн хамтрагч гэдгээрээ илүү хүлээн зөвшөөрөгдөхийн тулд "Эрх чөлөө" намын дарга лалын шашны эсрэг яриагаа бага зэрэг зөөлрүүлсэн бөгөөд “Үндсэн хууль зөрчсөн арга хэмжээ авах хүсэлтэй намтай хамт Засгийн газарт орохыг намууд хүсэхгүй байгааг би маш сайн ойлгож байна. Бид сүм хийд, Коран судар, Исламын сургуулиудын талаар ярихгүй” гэж тэрээр 11 дүгээр сарын 22-ны орой эхний үр дүн гарах үед хэлжээ. Мөн тэрээр "шашин шүтлэг, гарал үүсэл, хүйс болон бусад зүйлээс үл хамааран" Нидерландын "бүх нийтийн ерөнхий сайд" байх болно гэж амласан байна.
Европын хэт барууны үзэлтний гол төлөөлөгчдийн нэг болох Герт Вилдерс ялалт байгуулсан нь Европын холбооны хувьд ноцтой сорилт болж байна. Учир нь тэрээр сонгуулийн кампанит ажлын үеэр Нидерландын ЕХ-ны гишүүнчлэлийн талаар бүх нийтийн санал асуулга явуулна гэж амлаж, мөн хэд хэдэн чухал асуудлаар Европын нэгдсэн бодлогыг эрс эсэргүүцэж байсан. Тухайлбал, юуны түрүүнд цагаачлалын бодлого, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл багтана. Тэрээр мөн Киевт зэвсэг нийлүүлэх, туслахаа зогсоохыг уриалж байна.
Герт Вилдерстэй үзэл бодол нэгтэй Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Францын хэт барууны үзэлт Марин Ле Пен, Испанийн хэт барууны үзэлтэй Vox намын дарга Сантьяго Абаскал, Цагаачлалын эсрэг лигийн намын тэргүүн, Италийн Ерөнхий сайдын орлогч Маттео Салвини зэрэг хүмүүс Герт Вилдерсийн амжилтад баяр хүргэж байна. Өөрийн орны бодит байдал, ард түмний эсэргүүцлийг үл хайхран Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, Украинд зэвсэг нийлүүлж байгаа Европын орнуудын удирдлага болон Европын холбооны харалган бодлогын улмаас Европын орнууд эдийн засгийн хямралд орж, ард түмний амьдрал доройтож байгаа нь улам олон европчууд гудамжинд, сонгуулийн байран дээр улс орон, хил хязгаар, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахыг шаардаж байгаагийн илрэл нь Словак, Польш, Нидерландын сонгуулийн үр дүн гэж үзэж болох юм.