Сүүлийн жилүүдэд АНУ болон Баруун Европын орнуудаас ОХУ-д шилжин суурьшигчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд мэдээлж байна. Энэ нь улс төр, эдийн засаг, нийгмийн олон шалтгаантай гэдэг нь шилжин суурьшигчдын хэвлэлд өгсөн ярилцлага, видео бичлэгүүдээс харагдаж байна.
Ялангуяа Германаас Оросод ирж суурьшигчид эрс нэмэгдэж байгаа ажээ. Өнөөгийн байдлаар нэлээд олон германчууд Кемерово муж (23,125 хүн), Красноярскийн хязгаар (22,363 хүн), Тюмений ойролцоо (20,723 хүн), Челябинск муж (18,687 хүн), Свердловск муж (14914), Краснодар муж (12171), Волгоград мужид (10102) амьдардаг ажээ.
Зөвхөн жишээ болгож сүүлийн үед Оросын хэвлэл мэдээлийн хэрэгсэлээр шуугиж байгаа нэгэн немц тосгоны тухай энд өгүүлье. ОХУ-ын Нижний Новгородын ойролцоо ХБНГУ-аас ирсэн немцүүдийн байгуулсан нэгэн тосгон хурдацтай хөгжиж байгаа тухай телевизээр нэвтрүүлсэн бөгөөд Youtube.com/-д тодорхой видео бичлэг байгааг үзээрэй.
Хамгийн сонирхолтой нь хөрөнгө мөнгөтэй, бололцоотой немцүүд Орос руу дүрвэн ирэх болсон байна. Тэд Оросод амьдрахаар ирэх болсон шалтгаанаа өөрийн гэсэн газар худалдаж авах, байнгын хориг, хязгаарлалтгүйгээр хямд эрчим хүчний нөөцийг ашиглан өөрийн аж ахуй эрхлэх боломжтой, зардал бага, уламжлалт гэр бүлийн соёлтой, сургуулийн хүүхдийн хувьд жендерийн асуудал, дарамтгүй, хөрш орос үндэстнүүдийн найрсаг харилцаа зэргээр тайлбарласан байна.
Нүүж ирэх болсон шалтгааны талаар сурвалжлагчийн асуултад тус тосгоныг үндэслэн байгуулагч Ремо Кирш хариулахдаа “Бид Европын холбооны өнөөгийн чиг хандлагатай санал нийлэхгүй байгаа бөгөөд өнөөгийн хямралыг өдөөсөн тэнэг улс төрчдөөс залхаж байна” гэжээ. Тэрээр мөн “Олон оросууд Германыг диваажин гэж боддог, сайн боловсрол, хүмүүжил, үйлдвэрлэл, сайхан амьдрал, илүү сайн машин, илүү сайн эм гэх мэт, гэвч тэр цаг аль хэдийн өнгөрсөн, оросуудын ойлгож байгаа тэр Герман 10-15 жилийн өмнөөс алга болсон” гэж ярьжээ. Ремо Кирш нутагтаа 5 компанитай байсан бөгөөд түүнийгээ бүгдийг нь зараад Орост ирж амьдарч байгаа ажээ.
Немцүүд энд гурван га газар худалдаж авсан бөгөөд одоо шилжин ирэх сонирхолтой хүмүүст зориулан байшин сууц барьж байгаа юм байна. Одоогийн байдлаар ирэх сонирхолтой 300 орчим хүн байгаа гэнэ. Тэд энэхүү суурингаа албан ёсоор “RuDe, Russland — Deutchland” гэж нэрлэх гэж байгаа юм байна. Энэ тухай дараах хаягаар орж үзээрэй.
https://www.youtube.com/watch?v=-GFX38eFwcs
Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд ажилсаг, ухаалаг хүмүүс хаана ч сайхан амьдарч болдог гэдгийг эдгээр хүмүүсийн жишээнээс харж болох юм.
Тус тосгоныг үндэслэн байгуулагч Ремо Кирш