ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны гуравдугаар сарын 15-17-ны хооронд боллоо. Энэ удаа сонгуулийг анх удаагаа гурван өдрийн турш зохион байгуулсан бөгөөд тус улсын бүс нутгийн гуравны нэг орчимд нь зайнаас цахим санал хураалтыг ашигласан байна.
Сонгуулийн төв хорооны мэдээлснээр, протоколуудыг 100 хувь боловсруулсны эцэст одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 87,28 хувийн санал авчээ. Сонгууль нь Оросын орчин үеийн түүхэнд байгаагүй өндөр ирц буюу 77,49 хувьтай байжээ. Сонгуульд үнэмлэхүй тоогоор 87 сая 576 мянга 75 сонгогч оролцсон байна. Гадаадад 388791 сонгогч Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн байна. Санал авсан байдлыг харуулбал:
Владимир Путин - 87,28 хувийн санал (76,277,708 хүн);
Николай Харитонов 4.31% (3,768,470);
Владислав Даванков 3.85% (3,362,484);
Леонид Слуцкий - 3.20% (2,797,629).
Энэ бол ОХУ-ын ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2024 оны тавдугаар сарын 7-нд болох юм байна. Тус улсын ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай сонгогддог бөгөөд энэ удаа шинээр сонгогдсон ерөнхийлөгч 2030 оны тавдугаар сарын 7 хүртэл ажиллах юм.
Сонгуулийн ерөнхий хороонд зайлшгүй хэлэлцэх шаардлагатай нэг ч ноцтой гомдол санал ирээгүй гэдгийг СЕХ-ны дарга онцолжээ. Сонгуулийн дүнгээр нийтдээ 14 мянга гаруй зөрчилтэй байж болзошгүй гомдол ирсний дийлэнх нь гадаадаас ирсэн байна. Зөрчлийн шинжтэй байж болзошгүй 459 гомдол бодитой гарсан байна.
Үүнээс гадна Орос даяар санал хураалтын үеэр саналын хуудсыг бөөнөөр нь гэмтээсэн 41 тохиолдол бүртгэгдсэн байна. Санал хураалтын эхний өдрөөс л саналын хуудас бүхий хайрцгийг шатаах, шингэн зүйл асгах гэж оролдсон тухай мэдээлсэн бөгөөд тус улсын 20 бүс нутгийн 29 хэсгийн хороонд ийм хэрэг бүртгэгджээ.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль Украины газар нутагт цэргийн тусгай ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж буй цаг үетэй давхцсан. Сонгуулийн гурван өдрийн турш Украины талаас Оросын эрчим хүчний байгууламжуудад нисгэгчгүй онгоцоор довтолж, Украинтай залгаа хилийн бүс нутагт украины цэргүүд террорист халдлага үйлдэж, олон хүний амь насыг сүйтгэж, эд материалын ихээхэн хохирол учруулж байлаа. Энэ нь сонгуулийн үйл ажиллагаанд саад тотгор учруулах, хүмүүсийг айлган сүрдүүлэх, Оросын дотоодод үймээн самуун дэгдээх гэсэн оролдлого гэж Оросын албаны хүмүүс мэдэгдэж байлаа.
Дэлхийн олон орон сонгуулийн үр дүнг өндөр үнэлж, Ерөнхийлөгч Путинд баяр хүргэж байна.
Харин АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд “Оросын ерөнхийлөгчийн сонгууль хууль бус, шударга бус, чөлөөт бус боллоо” гэж мэдэгдэж, Украины эзлэгдсэн нутагт санал хураалт зохион байгуулсан нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн хэрэг гэж дүгнэсэн байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан "Бодит байдал дээр Путин Оросын Ерөнхийлөгч. АНУ үүн дээр үндэслэн ажиллах болно" гэж мэдэгдсэн нь АНУ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж үзэж болох юм.
Ийнхүү одоогийн Ерөнхийлөгч В.Путин зургаан жилийн (одоогийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны 5-р сарын 7-нд дуусна) шинэ бүрэн эрхээр дахин сонгогдлоо. Тэрээр парламентад суудалтай “Нэгдмэл Орос”, “Шударга Орос” гэсэн хоёр намын дэмжлэгтэйгээр бие даан нэр дэвшин өрсөлдсөн юм. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр В.В.Путин үнэмлэхүй олонхийн саналаар дахин ялалт байгуулж сонгогдсон нь өнөөгийн хүнд хэцүү нөхцөлд оросын ард түмэн түүнд ихээхэн итгэл хүлээлгэж байгаагийн илрэл гэж үзэж болох юм.