Саяхан болсон Словакийн сонгуулиар ялалт байгуулсан “Чиглэл-нийгмийн ардчилал” /Smer-SSD/ намын тэргүүн Роберт Фицо Словакийн Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо. Тэрээр парламентад хэлсэн үгэндээ, “Бид Украинд цэргийн ямар ч тусламж үзүүлэхгүй, харин хүмүүнлэгийн болон иргэний тусламж үзүүлэхийг дэмжиж байна, энэ бол миний засгийн газрын албан ёсны бодлого байх болно” гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Киевт зэвсэг нийлүүлэгчийн үүрэг гүйцэтгэж буй Европын холбоо энхийг сахиулагч болж хувирах ёстой гэж Ерөнхий сайд нэмж хэлсэн байна.
Фицо дайныг зогсоохын төлөө байгаа бөгөөд энх тайвны ямар төлөвлөгөөний дагуу дайныг дуусгах нь бидэнд хамаагүй, гэхдээ "Украинчууд энд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй учраас Орос, АНУ энэ талаар тохиролцох ёстой” гэж тэрээр онцлон тэмдэглэсэн нь анхаарал татаж байна. Мөн "Би Владимир Зеленскийн ямар ч төлөвлөгөөг дэмжихгүй, учир нь түүний дэвшүүлж буй санал нь нөхцөл байдлын хувьд туйлын бодитой бус юм" гэжээ.
Сонгуулийн өмнө Фицо тус улсын одоогийн эрх баригчид Украиныг дэмжиж байгааг удаа дараа шүүмжилж байсан. Зэвсэг нийлүүлэх нь хүмүүсийг үхэлд хүргэдэг бөгөөд мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахгүй зөвхөн мөргөлдөөний хугацааг уртасгана, тиймээс Братиславаас Киевт үзүүлэх цэргийн тусламжийг зогсооно гэж тэрээр амласан юм. Энэ нь сонгогчдын дэмжлэг авахад нөлөөлсөн гэж үзэж болно.
Түүний хэлснээр, Украины Зэвсэгт хүчинд цэргийн техник нийлүүлснээс болж Словакийн арми үнэхээр хүнд байдалд орсон байна. Тодруулбал, Фицо Киевт МиГ-29 сөнөөгч онгоц, С-300 агаарын довтолгооноос хамгаалах системийг өгсөн тус улсын засгийн газрын гишүүдийг шүүмжилж, шүүхэд өгөхийг шаардаж байсан. Бүгд найрамдах улс ойрын жилүүдэд агаарын довтолгооноос хамгаалах асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна гэж тэрээр мэдэгдсэн.
Нэмж дурдахад тэрээр Украиныг НАТО-д элсүүлэх боломжгүй, учир нь энэ нь тус улсын ашиг сонирхолд нийцэхгүй, Братислав болон ЕХ-ны бусад орнуудыг Оростой зөрчилдөхөд хүргэж болзошгүй гэж хэлсэн.
Үүний зэрэгцээ Фицо Оросыг дэмжигч үзэл баримтлалтай гэдгээ үгүйсгэж, өөрийн байр сууриа Словакийн ашиг сонирхолтой холбон тайлбарласан байна.
Түүний үг Европын Холбоо ба НАТО-гийн удирдагчдыг багагүй түгшээж байгаа бол ОХУ-д элэгсэг ханддаг словакчуудын дэмжлэгийг хүлээжээ.
Словак улс нь газар-агаар ангиллын пуужингууд, нисдэг тэргүүд, олон тооны хуягт техникийг Украинд нийлүүлж, агаарын цэргийн хүчинд байсан бүх 13 ширхэг Миг-29 сөнөөгч онгоцоо Украинд өгсөн юм. Та мэдээний талаар коммент үлдээнэ үү.