Энэхүү уулзалтад хоёр тал эртнээс ихээхэн бэлдсэн, ГХЯ, Сангийн яамны тэргүүнүүд хэд хэдэн удаа уулзаж, харилцан айлчилж, яриа хэлэлцээ хийсний зэрэгцээ Ши Жиньпин, Жо Байден нар утсаар ярилцаж, санал бодлоо солилцож байсан. Эдгээр уулзалт, яриа хэлэлцээний үр дүн нь энэхүү уулзалт боллоо.
Хоёр талын албан ёсны хэлэлцээ 2 цаг орчим үргэлжилсэн бөгөөд дараа нь үдийн зоог, цэцэрлэгт хүрээлэнгээр хамт зугаалсан зэргийг оруулан тооцвол 4 цаг болсон гэж мэдээлж байна. Албан ёсны хэлэлцээний үеэр яригдсан асуудлын талаар нийтэд мэдээлэгдсэн зүйл тун ядмаг байна. Гэвч хоёр тал зарим тохиролцоонд хүрснээ нийтэд зарлалаа. Үүнд:
• АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси 2022 оны 8 дугаар сард Тайваньд хийсэн айлчлалын улмаас Хятадын талаас таслаад байсан АНУ, Хятадын цэргийнхэний шууд харилцах сувгийг сэргээх болжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин ойрын үед Хятадын Батлан хамгаалахын шинэ сайдтай (Хятадын Батлан хамгаалахын сайд шинээр томилогдоогүй байгаа) уулзахаар төлөвлөж байна. Энэ харилцаа холбоогоо гурван түвшинд хийх юм байна. Цэргийн дээд түвшиний командлагч нар үйл ажиллагааны асуудлаар харилцах бөгөөд доод түвшинд Америк, Хятадын хөлөг онгоцны ахмадууд болон хоёр орны бусад офицеруудын хооронд шуурхай холбоо барьж ажиллах юм байна. "Бид шууд, нээлттэй, тодорхой харилцаанд буцаж ирлээ" гэж Жо Байден хэлсэн байна.
• Фентанил хэмээх эмийн үйлдвэрлэлтэй тэмцэхээр Бээжин, Вашингтон хоёр тохиролцжээ. (Фентанил гэдэг нь синтетик опиоидоор хийсэн өвчин намдаах эм юм. 2023 оны зун АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен үүнийг "18-49 насны америкчуудын гол алуурчин" гэж нэрлэж байсан. Өмнө нь Хятадын энэ эмийн үйлдвэрлэл болон худалдаатай холбоотой хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авч байсан). Одоо фентанилийн худалдаа, түүнийг үйлдвэрлэхэд ашигладаг Хятадаас гаралтай тоног төхөөрөмжийн худалдаа, нийлүүлэлтийг барууны орнуудад хязгаарлах тухай ярьж байна.
• Хиймэл оюун ухаан, энэ чиглэлийн аюулгүй байдлын талаар яриа хэлэлцээг эхлүүлэх тохиролцоонд хүрчээ, гэхдээ АНУ-ын эх сурвалжийн мэдээлснээр одоогоор ямар нэгэн хамтарсан тунхаглалын тухай биш зөвхөн яриа хэлэлцээний эхний үе шатны тухай ярьж байгаа ажээ.
• АНУ, Хятад хоёр олон жил завсарласаны дараа цаг уурын асуудлаарх яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ.
Хоёр орны удирдагчид яриа хэлэлцээнийхээ үр дүнгийн талаар хамтарсан мэдэгдэл хийсэнгүй, зөвхөн Жо Байден товч мэдээлэл хийсэн.
Хятадын ГХЯ-наас хийсэн мэдээлэлд, хоёр орны төрийн тэргүүн Хятад, Америкийн харилцаатай холбоотой стратегийн болон дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудлаар илэн далангүй, гүн гүнзгий санал бодлоо солилцсон, хэлэлцээний үеэр талууд харилцан хүндэтгэх, энх тайванаар зэрэгцэн орших, харилцаа холбоог хадгалах, мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх, НҮБ-ын дүрмийг дагаж мөрдөх шаардлагатайг онцлон хэд хэдэн тохиролцоонд хүрсэн гэж дурджээ.
Хятадын талаас Тайваний асуудалд онцгой анхаарал хандуулсан нь тодорхой байна. Үнэхээр энэ нь АНУ, Хятадын харилцааны хамгийн эмзэг бөгөөд өргөн хүрээний мөргөлдөөнд хүргэж мэдэх асуудал юм. Хятадын удирдагч "Тайваний асуудлаарх зарчмын байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлж, Тайваний асуудал Хятад, Америкийн харилцааны хамгийн чухал, эмзэг асуудал байсаар ирсэн" гэдгийг онцолсон байна.
Харин Жо Байден хэлэхдээ, "Нэг Хятад" бодлого, түүний аливаа шийдвэр энх тайваны шинжтэй байх ёстой гэсэн АНУ-ын итгэл үнэмшлийг дахин нотолж байна. Би үүнийг өөрчлөхгүй, энэ нь өөрчлөгдөх асуудал биш, Тайванийн арлыг эх газартай нэгтгэхийн тулд Хятад улс хүч хэрэглэх гэсэн аливаа оролдлогын эсрэг АНУ Тайбэйг үргэлжлүүлэн зэвсэглэх болно гэдгийг онцолсон байна.
Ши Жиньпин арлыг довтлох төлөвлөгөөгүй гэж хэлсэн ч Тайванийг тойрсон армийн хүчээ Хятад их хэмжээгээр нэмэгдүүлж байна гэж Жо Байден түүнийг зэмлэсэн гэж эх сурвалж мэдээлжээ. Жо Байден мөн ирэх онд болох Тайванийн сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Хятадад уриалжээ.
Энэ бүгдээс үзэхэд хоёр тал Тайваний асуудлаар өөр өөрсдийн байр суурийг баримталж тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй гэж үзэж болохоор байна. Иймээс ирэх оны эхээр болох Тайваний сонгуулийн үр дүнгээс хоёр талын цаашдын хандлага, байр суурь нь шалтгаалах бизээ.
ОХУ-Украин, ХАМАС-Израилийн асуудлууд яригдана гэсэн мэдээлэл байсан боловч хоёр удирдагчдын аль ч энэ талаар олон нийтэд тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ хоёр талын албаны бусад хүмүүсийн мэдэгдлээс үзвэл албан ёсны хэлэлцээний үеэр эдгээр асуудал яригдсан нь тодорхой байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Ин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, хэлэлцээний үеэр төрийн тэргүүнүүд “Украины хямрал”, Израиль, Палестины мөргөлдөөн зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон, Украин болон Ойрхи Дорнодын дайны талаарх Хятадын байр суурь тууштай бөгөөд тодорхой, "Бид тэгш эрх, шударга ёсны талд зогсож, энх тайван, хурцадмал байдлыг намжаах яриа хэлэлцээг ахиулахын төлөө тууштай хэвээр байгаа” гээд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хэлэлцээ Оросын Украины эсрэг дайны талаарх Хятадын байр суурийг өөрчилөөгүй гэжээ.
Сан-Францискод болсон дээд хэмжээний уулзалтын дараа Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК) тунхаг гаргажээ. Уг баримт бичигт Орос-Украин, Палестин-Израилийн мөргөлдөөний талаар огт дурдаагүй байна. Энэ нь уг байгууллагын гол зорилго нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал байдагтай холбоотой бизээ.
Үүний зэрэгцээ Хятадын ГХЯ-ны мэдээлэлд Ши Жиньпин даргын хэлсэн зарим онцлог зүйлийг дурджээ. Тухайлбал, "АНУ Хятадын эсрэг экспортын хяналт, нэг талын хориг арга хэмжээнүүдийг байнга авч байгаа нь Хятадын хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна". "Бие биенээ өөрчлөхийг оролдох нь бодит бус" гэж Хятадын удирдагч онцлон тэмдэглээд, Хятад маягийн шинэчлэлийн гол шинж чанар, ач холбогдол, Хятадын хөгжлийн хэтийн төлөв, стратегийн зорилгыг тайлбарлажээ.
Ши Жиньпин дарга Хятад, Америкийн харилцааг шинээр харж, харилцааны “таван тулгуур багана"-г хамтдаа байгуулахаар ажиллах, хоёр талын ялгаатай байдлыг зөв ойлголцож, хамтран хяналт тавьж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг санал болгожээ. Энэ нь олон улсын болон бүс нутгийн асуудлыг зохицуулах уялдаа холбоогоо бэхжүүлэх, соёлын солилцоог дэмжих зэрэг хүн төрлөхтний өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх "их гүрнүүдийн хамтын үүрэг хариуцлага" юм гэж Хятадын ГХЯ-наас мэдээллээ.
Хоёр тал харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримталж чадвал санал зөрөлдөөнөө даван туулж, хоёр том гүрний харилцан үйл ажиллагааны зөв замыг олох болно” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлжээ.
Хэлэлцээний дараа Жо Байден Ши Жиньпинтэй хийсэн энэ удаагийн уулзалт хамгийн үр дүнтэй, бүтээлч уулзалтын нэг боллоо гэж мэдэгдсэн. Гэвч хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн тавьсан асуултад хариулахдаа, “Тэр бол манайхаас тэс өөр засаглалын хэлбэрт суурилсан коммунист улсыг удирдаж байгаа хүн гэдэг утгаараа дарангуйлагч" гэж Америкийн ерөнхийлөгч тодруулсан юм.
Хэдийгээр Вашингтон, Бээжин энэ уулзалтын үр дүнг өөр өөрөөр харж байгаа ч ерөнхийдөө хоёр орны харилцааны уур амьсгалд нааштай нөлөө үзүүлнэ гэж үзэж болохоор байна. Олон Улсын ажиглагчдын хийж буй дүгнэлтээс үзвэл хоёр тал зарчмын гол зөрчилдөөнтэй асуудлаа шийдвэрлэж чадаагүй боловч харилцаагаа сайжруулахад нөлөө үзүүлэх алхам хийлээ гэж дүгнэж байна.