Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын 9 дэх удаагийн уулзалт энэ оны 5 дугаар сарын 27-нд БНСУ-ын Сөүл хотноо болов. Энэхүү уулзалт нь 2019 оноос хойш 4 жил завсарлаад анх удаа болсон бөгөөд Хятад, Америкийн өрсөлдөөний нөхцөлд харилцаа нь сүүлийн хэдэн арван жилийн туршид байгаагүйгээр хүйтэрсэн, олон улсын байдал хурцадсан үед Азийн энэ гурван улс харилцаагаа сэргээхийг чармайж байгаагийн нэг илрэл гэж үзэж болох байна.
Уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян нар оролцож, гурван тал "Хятад, Япон, БНСУ-ын оюуны өмчийн хамтын ажиллагааны 10 жилийн алсын харааны хамтарсан мэдэгдэл", "Ирээдүйд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байх, даван туулах хамтарсан мэдэгдэл" гаргаж, өмнөх 8 дугаар уулзалтаар баталсан "Хятад, Япон, Өмнөд Солонгосын ойрын арван жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв"-ийг хэрэгжүүлэх, гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал нэгдсэн байна.
АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын олон талт хүрээнд нягт хамтран ажиллаж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хамтдаа дэмжих шийдвэр гаргасан байна.
Уулзалтын үеэр Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян таван зүйлд санаачилга дэвшүүлжээ. Үүнд:
1-д, хамтын ажиллагааг ахиулж бүх талаар шинээр эхлэхийг дэмжинэ.
2-т, эдийн засаг, худалдааны саадгүй харилцааг гүнзгийрүүлнэ.
3-т, шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт нягт хамтран ажиллана.
4-т, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлнэ.
5-т, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж, дорвитой ахиулна гэсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль гурван талын хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хэлэхдээ, гурван орны хамтын ажиллагааны үндэс суурь нь харилцан ойлголцол, итгэлцэл байдаг бөгөөд удирдагчид бие биетэйгээ холбоотой байхын тулд байнга уулзаж байх ёстой, талууд худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг ил тод, урьдчилан таамаглах боломжтой болгож, нийлүүлэлтийн найдвартай сүлжээг бий болгохоор тохиролцсон гэжээ. Түүний хэлснээр, гурван улс байгаль орчны болон бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлд мөн хамтран ажиллах ажээ.
Талууд мөн хоёр талын уулзалтууд хийж, харилцааны ээдрээтэй асуудлуудаа хэлэлцсэн байна.
Дэлхийн эдийн засгийн сэргэлт чухал асуудал болсон өнөө үед Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчид ийнхүү уулзсан нь гурван тал хамтын ажиллагааг чухалчилж, мөн Япон, Өмнөд Солонгосын зүгээс Хятадын талаарх бодлого зөөлөрч байгааг харуулж байна гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.