БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Франц, Серби, Унгар улсад төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлалд талууд өөр өөрийн онцлогт тохирсон зорилго тавьсан нь тодорхой.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд Европын холбоо Хятадын хөрөнгө оруулалтыг Европт хаан боогдуулахгүй байх, Хятадад хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхэд бэлэн гэдгээ батлан харуулах, хариуд нь хүнд байдалд байгаа Европын эдийн засагт Бээжинтэй түншлэлийн илүү таатай нөхцөл бүрдүүлэх нь чухал гэдгийг нотлох зорилго тавьсан бололтой.
Франц улсад хийсэн айлчлал
Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны зорилго бол Франц, Европын компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулж, тэдэнд илүү шударга "өрсөлдөөнтэй нөхцөл" бүрдүүлэхэд чиглэсэн бол албан ёсны хэлэлцээнд Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейеныг урьж оролцуулсан нь Хятадын зүгээс ОХУ-д Украины дайны асуудлаар даралт шахалт үзүүлэхийг ятгах, Орост эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийг зогсоохыг шаардах явдал байсан гэж үзэж болохоор байна.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болсон Хятад улсын дарга Ши Жиньпины энэхүү төрийн айлчлал нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Хятадад айлчилсанаас хойш жилийн дараа болж байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хэлэлцээний үеэр хоёр тал худалдааны асуудлаар санал зөрөлдөөнтэй байсан гэж Францын “Le Figaro” сонин тэмдэглэжээ. Францын Хятадтай хийсэн худалдааны алдагдал 2023 онд 46 тэрбум еврод хүрсэн аж. Харин Евростатын мэдээлснээр, 2022 онд ЕХ-ны Хятадтай хийсэн худалдааны алдагдал 396 тэрбум еврогийн дээд хэмжээнд хүрсэн бол 2023 онд 291 тэрбум евро болж 27 хувиар буурчээ.
Саяхан Европын комиссаас Хятад улс цахилгаан машин, нарны зай хураагуур, эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад салбарт демпингийн бодлого явуулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. “Хятадад үйлдвэрлэсэн” бүтээгдэхүүний үйлдвэрлэл огцом нэмэгдсэнд сэтгэл дундуур байгаагаа Францын Эдийн засгийн сайд Бруно Ле Мэр мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч энэ хурцадмал байдал даваа гарагт 15 гэрээ,хэлэлцээрт гарын үсэг зурахад саад болоогүй гэж судлаачид үзэж байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Хятад бол Оросын гол түншүүдийн нэг” гэж мэдэгдээд Бээжинг Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг ятгасан гэж үзэж болно.
Хэдийгээр Хятадын эрх баригчид төвийг сахисан байр суурьтай байгаагаа илэрхийлж, энх тайвныг уриалж байгаа ч ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааг буруушаахгүй байгаа юм. Түүгээр ч зогсохгүй 2023 онд Орос, Хятадын худалдааны эргэлт огцом нэмэгдсэн нь Москвагийн эсрэг авсан өрнөдийн орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээний нөлөөг зөөлрүүлэхэд тусалсан.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны зочинтой хийсэн анхны уулзалтад урьсан Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лейений шүүмжлэл, зарим нэг санал зөрөлдөөнийг эс тооцвол хоёр талын яриа хэлэлцээ ерөнхийдөө нааштай болсон гэж үзэж болохоор байна. Хоёр удирдагчийн тохиролцсон зүйлийн талаар тэд өөр өөрийн гэсэн тайлбар хийсэн нь анхаарал татаж байна.
Серби Улсад хийсэн айлчлал
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 5 дугаар сарын 7-8-нд Серби улсад айлчиллаа. Ши Жиньпины энэхүү айлчлал нь Косовогийн дайны үеэр НАТО 1999 оны тавдугаар сарын 7-нд Сербийн объектуудад цохилт өгөх үеэр Хятадын элчин сайдын яам бөмбөгдөлтөд өртөж, гурван хүний аминд хүрсэн үйл явдлын 25 жилийн ойтой давхцаж байгаа нь онцлог юм.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич өөрийн биеэр онгоцны буудал дээр очиж Ши Жиньпиныг халуун дотно хүлээн авлаа. Мөн хоёр удирдагч Белград хотын засгийн газрын төв ордны тагтан дээрээс Хятадын төрийн далбааг намируулсан хэдэн мянган хүнтэй мэндчилж буйг Сербийн төрийн телевизийн харуулсан байна.
Ши Жиньпин бичгээр хийсэн мэдэгдэлдээ, Хятад, Серби хоёр орон уламжлалт гүн гүнзгий найрсаг харилцаатай, хоёр орны харилцаа шинэчлэн өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдлын сорилтыг даван туулж, улс орнуудын харилцааны гайхалтай үлгэр жишээ болсон, 2016 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, түүхэн үр дүнд хүрсэн, хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ хадгалан, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хийж, ард иргэд хоорондын дотно харилцааг хэвээр хадгалсаар байна гэжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гарагт Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичтай хэлэлцээ хийж, Серби, Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээр болон дэд бүтэц, худалдаа, шинжлэх ухаан, экологи, технологи, соёл, спорт, мэдээлэл зэрэг чиглэлийн 30 орчим хамтын ажиллагааны бичгүүдэд гарын үсэг зуржээ.
"Энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээр нь манай бараа, үйлчилгээг Хятадын зах зээлд гаргах баталгаа болж байгаа юм. Бид ойрын 5-10 жилийн хугацаанд Сербийн бүтээгдэхүүний бараг 95 хувийг Хятад руу ямар ч татваргүйгээр экспортлох боломжтой болно" гэж Вучич мэдэгджээ. Түүний хэлснээр, Хятад улс мөн Сербийн 300 залуу иргэнд Хятадын их дээд сургуульд суралцах боломжийг олгож, Сербийн 50 эрдэмтэн Хятадад айлчилж, харилцан туршлага солилцохыг санал болгожээ.
Хэлэлцээний үеэр Вучич, Ши Жиньпин нар хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын харилцааны асуудлыг хэлэлцсэн бөгөөд олон асуудлаар хоёр талын байр суурь ижил буюу төстэй байжээ. Мөн хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, Хятад улс Сербид зохион байгуулагдах гэж буй “Экспо 2027” үзэсгэлэнд оролцохоос гадна зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга илэрхийлжээ.
Вучич хэлэхдээ, Хятад улс тус улсад төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдээ нээвэл Серб баяртай байх болно гээд Серби Хятадаас өндөр хурдны таван галт тэрэг, бүс нутгийн есөн галт тэрэг худалдаж авсан гэдгийг дурджээ. Мөн Хятадаас нисдэг такси, цахилгаан машин авах тухай яригдаж байсан гэнэ.
Хоёр орны удирдагчид Серби, Хятадын хооронд агаарын шинэ шугам нээх талаар мөн ярилцжээ. "Бид Хятадын томоохон, чухал аж үйлдвэр, технологийн төв болох Шанхай, Гуанжоу руу шууд нислэг үйлдэх бүх зөвшөөрлийг Хятадаас авсан, мөн Бээжин рүү нислэг үйлдэх болно" гэж Вучич хэлсэн байна.
Чөлөөт худалдааны хэлэлцээрээс гадна Ши Жиньпин Сербид айлчлах үеэр талууд харилцааг стратегийн түншлэлийн түвшнээс цаашид "нийтлэг ирээдүйн" тухай хамтын үзэл баримтлалын түвшинд хүргэх хамтарсан тунхагт гарын үсэг зурсан байна.
Серби, Хятад хоёр нутаг дэвсгэрийн асуудлаар харилцан биенээ дэмждэг. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Ши Жиньпин даргатай уулзах үеэрээ "Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаарх бидний байр суурь тодорхой бөгөөд энгийн, Тайван бол Хятад" гэж Хятадын Тайванийн бүрэн эрхт байдлыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Хятадын дарга Ши Жиньпин Хятад улс Косовогийн талаарх Сербийн хүчин чармайлтыг дэмжиж байна гэж мэдэгджээ.
Унгар улсад хийсэн айлчлал
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 5 дугаар сарын 9-10-нд Унгар улсад айлчиллаа. Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Будапештэд хийх түүхэн айлчлалынхаа зорилгыг “Хятад Унгар хоёр үргэлж найзууд байсаар ирсэн, хоёр талын харилцаа хөгжих ёстой" гэж айлчлалын өмнө Унгарын “Budapest Times” сонин нийтлүүлсэн өгүүлэлдээ онцолжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Будапешт хотноо хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Тамас Сзужоктай уулзаж, Ерөнхий сайд Виктор Орбантай хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний үеэр Хятад, Унгар хоёр улсын удирдагчид геополитик, эдийн засгийн асуудлаар байр сууриа нэгтгэж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Ши Жиньпин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны "найрсаг бодлого" болон Европын холбоотой бүхэлдээ худалдааны маргаантай байгаа нөхцөлд хөгжиж буй хоёр талын эдийн засгийн нягт хамтын ажиллагааг сайшаасан байна. Унгарын эрх баригчид БНХАУ-ын даргын айлчлалыг “түүхэн” гэж нэрлэсэн бөгөөд харин Хятадын удирдагч Ши Жиньпин хоёр орны харилцаа нь "хүчтэй итгэлцэл, найрамдалт харилцаагаар "-аар тодорхойлогддог гэж Ерөнхий сайд Виктор Орбантай уулзахдаа мэдэгдэв.
2023 онд Хятад улс Унгарын эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулагч болсон бөгөөд Ши Жиньпин Будапештэд хийсэн айлчлалаа “энэ стратегийн түншлэлийн харилцааг шинэ өндөрлөгт гаргах” боломж гэж тодорхойлсон байна.
Хоёр тал 5 дугаар сарын 9-нд төмөр замын тээвэр, цахилгаан машин, цөмийн эрчим хүч болон бусад салбарын хамтын ажиллагааны 18 хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зуржээ.
Бээжингийн хувьд Будапешт Хятадын "Нэг бүс, нэг зам" санаачилгад оролцоход бэлэн байгаагаа илэрхийлсэн бодитой амлалт нь маш чухал бөгөөд энэ нь Хятадын хөрөнгө оруулалтыг татах шинэ хэтийн төлөвийг нээж өгнө гэж үзэж байна.
Ерөнхий сайд Орбан хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа маш чухал түвшинд хүрснийг онцоллоо. Худалдааны эргэлт 12 тэрбум евро болж, Хятадын хөрөнгө оруулалт ойролцоогоор 16.5 тэрбум еврогоор нэмэгджээ. Орбаны хэлснээр, улс орнууд шууд утгаараа ойртож эхэлсэн тул одоо Будапештээс Хятадын 7 хот руу өдөр бүр нисэх боломжтой бөгөөд ойрын ирээдүйд шинэ чиглэлүүд (19 хот) нээгдэх болно гэжээ.
Украйнд энх тайвныг тогтооход чиглэсэн Хятадын энхийн санаачилгыг Будапешт улс төрийн хувьд бүрэн дэмжиж байна гэж Унгарын Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто БНХАУ-тай хамтран Будапештийг тойрох ачааны төмөр зам, нийслэлийг олон улсын боомт руу холбосон өндөр хурдны төмөр зам барих төслийн бэлтгэл ажлыг эхлүүлж байна гэж мэдэгдэв. Мөн Хятад улс нисэх онгоцны буудал, Серби, Унгарын хооронд илүү өндөр нэвтрүүлэх чадвартай хилийн шинэ боомтыг нээх, Унгар, Сербийн хооронд газрын тос дамжуулах хоолой барих төслийг боловсруулахад оролцох ажээ.
Мөн энэ айлчлалын үеэр автомашины үйлдвэрлэл болон цахилгаан автомашин, батерейны үйлдвэрлэлд ахиц дэвшил гарсан тухай мэдэгдэв. Унгар дахь Хятадын энэ салбарт оруулсан хөрөнгө оруулалт хэдэн арван тэрбум евро юм.
Европт үйлдвэрлэсэн Хятадын BYD компанийн анхны цахилгаан машинууд Унгарын Сегед хотын үйлдвэрийн угсрах шугамаас 2025 он гэхэд гарах боломжтой гэж мэдээлж байсан. Энэхүү аж ахуйн нэгжийн барилгын өртөг нь 5 тэрбум еврогоор үнэлэгдэж байгаа бөгөөд Хятадын CATL корпораци Унгарын Дебрецен хотод батерейны үйлдвэр барьж байна (төслийн өртөг нь 7.3 тэрбум евро).
Ши Жиньпиний айлчлал, түүний хийсэн мэдэгдэл нь ЕХ-ны ерөнхий шугам, Европын эв нэгдлийн зарчимтай зөрчилддөг Виктор Орбаны бодлогыг дэмжиж байгаагийн тод илрэл юм.
Хятадын удирдагчийн Будапештэд хийсэн айлчлал Унгар улс ЕХ-ны зөвлөлийг оны хоёрдугаар хагаст даргалахаас өмнөхөн болсон гэдгийг Франс Пресс онцлон тэмдэглэсэн байна. Үүнтэй холбогдуулан Ши Жиньпин Орбаныг Хятад, Европын холбооны харилцааг “хөгжүүлэхэд” илүү чухал үүрэг гүйцэтгэхийг уриалав.
Ши Жиньпин Будапешт "нэг Хятад" бодлогыг тууштай баримталж байгааг онцлон тэмдэглээд, Унгарын эдийн засгийн хөгжлийг идэвхтэй дэмжихээ мэдэгдэв.
Унгар улс Хятадад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох лицензтэй ЕХ-ны орнуудын дунд тэргүүлэгч хэвээр байна. Үүний тулд Будапешт хотод шинэ гэрээ байгуулж, Унгарын тариаланчдын боломж, давуу талыг өргөжүүлсэн.
Хятад, Унгар хоёр улс цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах болсон нь Ши Жиньпиний Будапештэд хийсэн айлчлалын бас нэг үр дүн юм.
"Wall Street Journal" сонинд тэмдэглэхдээ, Хятадын удирдагчийн сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа Европт айлчилж байгаа нь тус тив Бээжинтэй янз бүрийн асуудлаар сөргөлдөхөд бэлэн эсэхийг шалгах сорилт болж байна гэжээ.
Хятадын удирдагч Ши Жиньпиний Европын гурван улсад хийсэн айлчлалаас харахад Унгар, Сербид хийсэн айлчлал Францын айлчлалаас тэс өөр зорилго, агуулгатай байгаа нь тодорхой байна. Серби, Унгар хоёр улс нь "Бүс ба зам" стратегийн төслийг Европод хэрэгжүүлэхэд Хятад улсын чухал түнш болохыг харуулж байна.