2024 онд дэлхий нийтээрээ байгалийн гамшиг, онцгой байдлын олон асуудалд нэрвэгджээ. "Weather Mail" сэтгүүлд дэлхийн өнцөг булан бүрт хүмүүсийг үхэлд хүргэж, хүмүүсийн амар амгалан амьдралын хэв маягийг алдагдуулсан 10 томоохон гамшигийн талаар ийнхүү бичжээ.
Япон тэнгисийн газар хөдлөлт
2024 оны нэгдүгээр сарын 1-нд Японы Ишикава мужийн Ното хойгт хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ нь 7.6 баллын хүчтэй байсан бөгөөд Важима, Сузу хотуудад ихээхэн хохирол учруулсан байна. Ишикава мужийн захиргааны мэдээлснээр амиа алдагсдын тоо 202-т хүрсэн байна.
Индонезид үер болжээ
Энэ жил Индонезид олон удаа томоохон үер болсон. Түүний дотроос 3 дугаар сард Баруун Суматра мужид болсон үерийг онцолсон байна. Энэхүү үерт 16 гүүр автаж, зам хааж, байшин барилга нуржээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр наад зах нь 19 хүн амиа алдсан байна.
Мөн оны 12 дугаар сард Индонезид дахин үер болжээ. Сукабуми хотод аадар бороо орж үеэр болсны улмаас 31 гүүр, 81 зам эвдэрсэн байна. Бараг 200 тосгон үерт автаж, олон мянган хүн гэр орноо орхин дүрвэжээ.
Мексикт Жон нэртэй хар салхи болсон
Энэ нь 9 дүгээр сарын 22-нд Мексикт Жон нэртэй хүчтэй хар салхи болсон. Хар салхины улмаас улс даяар үер болж, хөрсний гулгалт үүссэн. 29 хүн нас баржээ. Герреро, Оаксака, Мичоакан мужуудад их хэмжээний хохирол учирчээ.
Хелен хар салхи
Энэ жилийн хамгийн аймшигт үйл явдлын нэг бол Хелен хар салхи юм. Түүнд гамшигийн 4 дүгээр ангиллыг өгсөн. Энэ нь 9 дүгээр сарын 26-нд Флорида мужийг дайрч, хүчтэй аадар бороо орж, үер буужээ. Тус муж газар нутаг үерт автаж, зам эвдэрч, хөрсний гулгалт үүсгэж, цахилгаан, үүрэн холбоо тасарсан. АНУ-ын зүүн өмнөд хэсгийн зургаан мужид нас баралт, сүйрэл бүртгэгдсэн байна. Олон хүнийг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.
Наад зах нь 215 хүн амиа алдсан нь 21 дүгээр зуунд хамгийн их үхэл, гамшиг учруулсан гурав дахь хар салхи болсон байна.
Бериллийн хар салхи
Энэ жилийн Атлантын далайн улирлын анхны хар салхи бол Берил юм. Энэ нь эхлээд Гренада, Сент-Винсент, Гренадинд "бүрэн сүйрлийн" ул мөр үлдээж, дараа нь Ямайк руу чиглэсэн. Орон сууцны барилга, сургууль, эмнэлэг, цагдаагийн газар зэрэг олон мянган барилга байгууламж эвдэрч сүйтсэн. Анадолу агентлагийн мэдээлснээр 36 хүн нас баржээ.
Хар салхины хүч хамгийн дээд буюу 5 дугаар ангилалд хүрсэн байна. Энэ нь Карибын тэнгис дэх усны өндөр температураас хүч чадлаа олж авсан гэж үздэг.
Балбад болсон үер
Балбад 9 дүгээр сарын 27-нд аадар бороо орж, хүчтэй үер болсон. Үер, хөрсний гулгалтаас болж 193 хүн амь үрэгджээ. 30 гаруй хүн сураггүй алга болж, 96 хүн шархадсан гэж ABC News мэдээлжээ. Хөрсний гулгалтаас болж Катманду улс орны бусад хэсгээс тасарчээ, Хөрсний гулгалт гурван гол зам, тэр дундаа Притвийн гол хурдны замыг хаажээ. Газар нурсны улмаас 30 орчим хүн нас барсан бөгөөд хөрсний гулгалт хурдны зам дээр явж байсан 3 автобус, машиныг мөргөжээ.
Вьетнам дахь Яги хар салхи
Энэ нь 2024 оны есдүгээр сард Вьетнамд болж, 844 хүний аминд хүрч, үер, хөрсний гулгалт үүсгэсэн. 820 гаруй хүн бэртэж гэмтэж, 82 хүн сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн байна. Энэ хар салхи Вьетнамд сүүлийн 30 жилд тохиолдсон хамгийн хүчтэй хар салхи байсан бөгөөд дараа нь орсон бороо, үер 26 муж, орон нутагт нөлөөлсөн байна.
Тус улсын хойд хэсэгт далайн хар салхи, түүний уршигаар үүссэн үерийн улмаас 257 мянган байшин, 1.3 мянга гаруй сургууль сүйрч, үерт автаж, олон зуун далан болон бусад дэд бүтцийн олон байгууламжууд эвдэрч сүйджээ.
Милтон хар салхи
Хелений дараахан Милтон хар салхи АНУ-ын зүүн өмнөд хэсэгт болсон. Тус хар салхи 10 дугаар сарын 9-ний орой Флорида мужийг дайрч, 200 гаруй байшинг сүйтгэжээ.
Дашрамд дурдахад, хар салхины үеэр Тампагийн хурдны замын эргүүл хурдны замын хажуугийн шонгоос уясан нэг нохойг олсон байна. Нохойны эзнийг нүүлгэн шилжүүлсэн нь тогтоогдсон байна. Тэрээр нохойгоо орхих хүн олдохгүй байсан тул шонгоос уяаад орхижээ. Нохойны эзнийг олж баривчилсан бөгөөд энэ хүнд таван жил хүртэл хорих ял оноох юм байна.
Испанид болсон үер
Аравдугаар сарын сүүлчээр Испанийн зүүн болон өмнөд хэсгээр хүчтэй аадар бороо орж, ихээхэн гамшигтай үер болсон. Хэдхэн цагийн дотор Валенсид 491 миллиметр хур тунадас орсон бөгөөд үүнийг жилийн нормтой дүйцэхүйц хэмжээний хур тунадас орсон гэж үзсэн байна. Онцгой байдлын үр дагаврыг арилгахаар цэрэг, цагдаагийн хүчийг дайчилсан байна. Энэ үер нь тус улсын орчин үеийн түүхэнд хамгийн их үхэлд хүргэсэн үер болж, 222 хүн нас барж, олон арван хүн сураггүй алга болсон хэвээр байна.
Индонез дахь Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрчээ
Арваннэгдүгээр сард Индонезид Левотоби Лаки Лаки галт уул дэлбэрчээ. Хамгийн багадаа 10 хүн нас баржээ. Галт уулын дэлбэрэлт нь дараалсан газар хөдлөлтийг үүсгэсэн байна. Галт уулын дэлбэрэлт 10 мянга орчим хүн амьдардаг долоон тосгонд нөлөөлсөн байна. Олон хүмүүс гэр орноо орхин дүрвэж, нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна.