ГХЯ-ны Хөрш орнуудын газар байгуулагдаад 20 жил болжээ. Саяхан Тус газрын өнөөгийн удирдлага урьд нь ажиллаж байсан ахмадуудыгаа хүлээн авч уулзаж, санал бодлоо хуваалцаж, дурсгалын зураг авахуулсан юм. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойтой холбогдуулан “Үндэсний шуудан” сонинд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын тухай тусгай дугаар гарах юм байна.
Гадаад бодлогын шинэ үзэл баримтлалтай нийцүүлэн хөрш орнуудтай харилцах тусгай газар байгуулах нь зүйтэй гэж үзээд 2000 онд тус газрыг байгуулсан билээ. Миний бие тус газрын анхны даргаар томилогдон 2000-2001 онд ажилласан юм. Тус газар анх байгуулагдахдаа ОХУ, БНХАУ болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн 15 оронтой (Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан БНУ-ууд) харилцах асуудлыг хариуцан ажиллаж байлаа.
Манай газрын хамгийн эхний хамгийн том ажил бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путингийн 2000 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал байлаа. Энэхүү айлчлал нь манай хоёр орны харилцааны түүхэнд онцгойлон тэмдэглэгдэн үлдэх чухал ач холбогдолтой айлчлал юм. Учир нь ЗХУ-ын төрийн тэргүүн Л.И.Брежневийн 1976 онд манай улсад хийсэн айлчлалаас хойш 25 жилийн дараа хойд хөршийн маань тэр тусмаа шинэ ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад албан ёсоор айлчлан ирсэн, тус айлчлалын үеэр Монгол Улсын Парламентад үг хэлж, Монгол, Оросын шинэ үеийн харилцааны үндсийг тавьсан “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан юм.
2005 онд намайг гадаад томилолтоос буцаж ирэхэд тус газрын даргаар дахин томилсон бөгөөд 2009 оны 9 сар хүртэл ажилсэн юм. Энэ үеэр болсон бас нэг чухал зүйлийг эргэн дурсахад ОХУ-ын гурван гол удирдагч нэг жилийн дотор манай улсад айлчилсан явдал юм. ОХУ-ын Ерөнхий сайд В.В.Путин (тэр үед Ерөнхий сайд байсан) 5 дугаар сард, ОХУ-ын Холбооны хурлын дарга С.М.Миронов 7 дугаар сард, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведов 8 дугаар сард тус тус манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм. Ийм өндөр хэмжээний гурван айлчлал нэг жилийн дотор болж байсан явдал Монгол, Оросын харилцааны түүхэнд байгаагүй юм.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан энэхүү товч дурсамжийг орууллаа.
+2