Гадаад бодлогын талаар алдаа гаргах хандлагатай Байдены засаг захиргааны баг
Гадаад бодлогын талаар алдаа гаргах хандлагатай Байдены засаг захиргааны баг
Тед Гален Карпентер
Тед Гален Карпентер бол Катогийн хүрээлэнгийн батлан хамгаалах, гадаад бодлого судлалын ахлах ажилтан, “National Interest”-ын редактор, олон улсын харилцааны асуудлаар 12 ном бичсэн, 950 гаруй нийтлэлийн зохиогч юм.
Энэхүү сэтгэл түгшээсэн байдал нь ерөнхийлөгчөөс эхлээд АНУ-ын гадаад бодлогын албан тушаалтнуудын мэдлэг чадварт эргэлзээ төрүүлж байна.
2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байден ялалт байгуулснаар АНУ-ын гадаад бодлогыг “томчууд дахин удирдаж байна” гэсэн үг гэж үзэж байсан америкчууд өөрсдийн дүгнэлтэд эргэлзэх олон шалтгаантай болсон. Засаг захиргаанаас хэд хэдэн томоохон бодлогын алдаа гаргасан. АНУ-ын цэргийг Афганистанаас эмх замбараагүй гаргасан нь НАТО-гийн холбоотнууд Вашингтоны удирдах үүргээ цаашид үргэлжлүүлэхэд итгэх итгэлийг эрс алдсан нь хамгийн тод жишээ юм. Австралид цөмийн шумбагч онгоц худалдах асуудлыг маш муугаар шийдсэнд эртний холбоотон Франц уурлаж, АНУ-ын албаны хүмүүсийг "худалч" гэж буруутгаж, Вашингтоноос Элчин сайдаа түр эгүүлэн татсан нь бас нэг алдаанд бичигдэж байна. Жагсаалтад Афганистаны тусламжийн ажилтныг алан хядагч гэж буруу тодорхойлж, улмаар түүнийг болон түүний гэр бүлийнхэн рүү нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн нь мөн багтсан байна.
Ийм ноцтой алдаанууд нь засаг захиргаанаас явуулж буй гадаад бодлогын бүтэлгүй эхлэлийг харуулж байна. Үүнээс гадна ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд бодлогын чухал асуудлаар олон нийтэд нээлттэй мэдэгдэл хийж чадахгүй байгаа бөгөөд ийм бүтэлгүйтэл нь ур чадваргүйг илүү өргөн хүрээтэй харуулж байна.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Япон, Хятад (БНХАУ) хоёрын хооронд улам бүр маргаантай асуудал болоод байгаа хүн амгүй арлууд болох Сенкаку арлуудын "тусгаар тогтнолыг" Вашингтон дэмжиж байна гэж мэдэгдсэн бас нэгэн үйл явдал 2 дугаар сард болсон юм. 2014 оноос хойш АНУ-ын албан ёсны байр суурь нь Токиогийн уг нутаг дэвсгэрийг эзэмших эрхийг зогсоохын тулд БНХАУ-ын зүгээс ямар нэг хүч хэрэглэхийг АНУ эсэргүүцэх боловч Вашингтон нутаг дэвсгэрийн маргааны эрх зүйн үндэслэлийн талаар байр сууриа илэрхийлээгүй байсан юм. Кирбигийн мэдэгдэл нь АНУ Токиогийн байр суурийг дэмжиж буйг харуулсан. Тэрээр алдаа гаргасан нь тодорхой болсон тул дараагийн өдөр нь “тодруулга”-аар ухралт хийхээс өөр аргагүйд хүрсэн байлаа.
Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен есдүгээр сарын дундуур Хонг Конгийн асуудлаар бас иймэрхүү алдаа гаргасан. Блинкен эхлээд Бээжингийн өсөн нэмэгдэж буй хэлмэгдүүлэлтийн эсрэг АНУ "Хонконгийн ард түмэнтэй хамт байх болно" гэж Twitter-д жиргэжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам "хариуцлагагүй гүтгэлэг"-ийг эсэргүүцэж, ууртай мэдэгдэл хийсэнд Блинкен тэр даруй Twitter-ийн жиргээгээ устгаж, илүү зөөлөн хувилбараар сольжээ. Энэ нь Байдены засаг захиргааны нэгэн албан тушаалтан эмзэг асуудлаар Бээжинд хандсан хатуу бодлого баримталж буйг илтгэж байгаа мэт санагдсан ч урьдчилан таамаглаж болохуйц эсэргүүцэлтэй тулгарах үед бас ухарчээ.
Нэмж дурдахад бусад албан тушаалтнууд ичгүүртэй биш юмаа гэхэд үнэхээр аягүйрахмаар тайлбар хийж байна. Штабуудын нэгдсэн хорооны дарга, армийн генерал Марк Милли Афганистанд болсон нисгэгчгүй онгоцоор хийсэн халдлагыг амжилттай, шаардлагатай цэргийн ажиллагаа, "шударга цохилт" гэж эхнээсээ л тайлбарлаж байлаа. Гэтэл Батлан хамгаалах яамны бусад албан тушаалтнууд нь болгоомжтой хандаж, гэм зэмгүй энгийн иргэд хохирогч байсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгалт явуулж эхэлснээ мэдэгдэж байхад Тэрээр ийм тайлбар хийсэн юм. Довтолгоо аймшигтай алдаа байсныг нотлосон баримт гаргахад Миллигийн өмнөх мэдэгдэл үнэхээр ихэмсэг, мэдрэмжгүй санагдсан.
Байдены гадаад бодлогын талаар ярьсан алдаатай зүйл нь түүний доод албан тушаалтнуудынхаас ч илүү түгшүүр төрүүлж байна. Вашингтоны түнш Кабул дахь дэглэм Талибаны босогчдын гарт амархан унахгүй, тэсч үлдэх болно гэж 2021 оны 7 дугаар сард түүний итгэлтэйгээр хийсэн мэдэгдэл нь олон нийтийг үл тоомсорлосон зүйл байлаа. “Талибан бол өмнөд биш, Хойд Вьетнамын арми. Тэд тийм биш - чадварын хувьд тэдэнтэй харьцуулах боломжгүй", "Афганистанд суугаа АНУ-ын Элчин сайдын яамны дээврээс хүмүүсийг авч байхыг харах ямар ч нөхцөл байдал гарахгүй. Үүнийг харьцуулах аргагүй юм" гэж Байден хэлсэн. Мэдээжийн хэрэг, түүний таамаг үнэхээр буруу байсан.
Гэсэн хэдий ч АНУ-ын Тайванийн талаар баримталж буй бодлогын талаарх хамгийн сүүлийн үеийн түүний зохисгүй тайлбар нь хамгийн сэтгэл түгшээсэн зүйл байх ёстой. ABC News сувгийн хөтлөгч Жорж Стефанопулос нэг удаа Байденаас Афганистанаас цэргээ эмх замбараагүй гаргаж байгаатай холбогдуулан Вашингтоны холбоотнууд АНУ-ын хамгаалалтад найдаж чадах эсэхийг асуусан байна. Байден хариуд нь “Хэн нэгэн нь манай НАТО-гийн холбоотнуудын эсрэг довтлох юм уу ямар нэг эсрэг үйл ажиллагаа явуулбал бид Тавдугаар зүйлд заасны дагуу хариу үйлдэл үзүүлэх болно гэсэн ариун үүрэг авсан” гэж мэдэгдэв. Мөн Япон, Өмнөд Солонгос, Тайваньтай ийм адил эвсэл байгуулсан гэж тэр нэмж хэлсэн байна.
Байдены сүүлчийн тайлбар нь АНУ-ын бодлогыг буруугаар илэрхийлсэн явдал байв. АНУ НАТО-гийн гишүүн орнууд болон Япон, Өмнөд Солонгосыг хамгаалах талаар гэрээний үүрэг хүлээсэн боловч Тайванийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй. Вашингтон 1979 оны Тайваньтай харилцах тухай хуулийн дагуу БНХАУ-ын зүгээс Тайванийн эсрэг түрэмгийлэл үйлдвэл Зүүн Азийн "энх тайван байдлыг ноцтой зөрчсөн" гэж үзэх тодорхой бус үүрэг хүлээсэн. Тайванийг довтолгооноос хамгаалах хатуу амлалт байхгүй бөгөөд сайн ч бай, муу ч бай Вашингтон хэдэн арван жилийн турш хариу арга хэмжээ авах талаар “стратегийн тодорхой бус” бодлогыг баримталсаар ирсэн.
Дараагийн өдөр нь АНУ-ын албаны хүмүүс Байдены тайлбарыг үл харгалзан хэт эмзэг Тайваний асуудлаарх АНУ-ын бодлого өөрчлөгдөөгүй гэдгийг Бээжин болон бусад орнуудад итгүүлэхээр яаравчлав. Дахин хэлэхэд, хамгийн чухал асуудал бол засаг захиргааны мэдэгдэл болон АНУ-ын албан ёсны байр суурь хоёрын хоорондын үл нийцэх явдал байв. Энэ нь ерөнхийлөгчөөс эхлээд АНУ-ын гадаад бодлогын албан тушаалтнуудын ур чадварт эргэлзэж буй эмзэг асуудал юм. 2020 оны сонгуулиар ухаантай, ухаалаг мэргэжлийн багийг байгуулахын оронд аюултай алдаа гаргах хандлагатай сонирхогчдын группыг гаргасан бололтой. Америкт илүү сайн удирдагч байх ёстой.
Reuters