Их жанжин Сүхбаатарын тухай
Их жанжин Сүхбаатарын тухай
Миний үзэж байгаагаар бидний урьд өмнө уншиж судалж байсан Монгол улсын түүхийн ном зохиолд гарч байгаагүй жанжин Д.Сүхбаатарын тухай нэн сонирхолтой “Д.Сүхбаатар Хамниган хүн ба xoрлoгдoж нac бaрaxaд хувцаснаас нь МНРП намын батлах олджээ !!!” гэсэн материалыг Хёлго бодонгууд Цэдэндоржийн МӨНХДОРЖ гэдэг хүн www.татар.mn сайтад нийтлүүлжээ. Би зөвхөн зарим онцлог зүйлийг тайлбаргүйгээр ишлэл болгон авлаа. Д.Сүхбаатарын албан ёсны намтрыг мэдэх хүмүүс үүнийг уншихад юу нь шинэ болох нь яандаа ойлгогдох байх. Илүү тодорхой унших хүсэлтэй хүн байвал уг сайтаас үзнэ үү.
- Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы нутагт манай улсын Улз голд цутгадаг Тарь нуураас хойш Дорнод аймгийн Чулуун хороот сумын хойд талд орших Гүн жалгатай нэртэй газарт цагаан дээлт жаахан Дамдин хэмээх хамниган айлын 2 дахь хүү нь болж Цагаангууд омгийн буриад Лувсангийн Хандаас төржээ.
-Тэрээр Бооржийн районы буриадын Хада Булагийн бага сургуульд амжилттай суралцаж төгсчээ. Д.Сүхбаатар бага сургуулиа төгсөөд Чита хотын орос гимназид элсэн орж 1908 онд төгсчээ. Д.Сүхбаатарын эцэг нь Бооржийн районы Бухын харуулд орших хасаг цэргийн албанд олон жил харуулын алба хашсан байна. Д.Сүхбаатар нь төрөлхийн сэргэлэн цовоо хүүхэд байсан бөгөөд хил хамгаалах үүрэгтэй хасаг цэргүүдийг хар багаасаа дуурайн ах нарынхаа хамт морин дээрээс малгай шүүрэх, хонь шүүрэх, сэлэм эргүүлж бургас цавчих мэтээр сургуулилан байсаар эр төөлөх 15,16 насанд хүрэх үедээ эдгээр дасгал сургуулилтуудыг тун чадамгай хийж сурсан юмсанж.
-Эцэг Дамдин нь Омск хотод хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг сургууль байдгийг сонссон тул хүү Сүхээгээ Чита хот дахь орос гимназийг төгсөнгүүт нь тэр үеийн тэргүүний хасаг хөвгүүдийн суралцдаг Омск хотын Кадетад сургахаар 1909 оны намар илгээжээ. Тэнд 3 жил суралцах хугацаандаа Д.Сүх нь цэргийн дасгал сургуулилтад бүрэн төгс боловсорчээ. Д.Сүхбаатар нь 1912 онд сургуулиа дүүргээд Оросын хаант засгийн армид пулемёт бууны салааны даргаар томилогдсон байна.
-Хаант Орос болон Монгол Улсын хооронд байгуулсан гэрээ ёсоор Монгол Улсын 2 морьт хороо, пулемёт бууны баг, их бууны салаанаас бүрдсэн нийт 1900 хүн бүхий цэрэгтэй армийг сургаж боловсруулахын тулд Оросын засгийн газар 2 штаб офицер (удирдах офицер), 15 обер офицер (ахлах офицер), 42 бага даргаас бүрдсэн сургагчдын багийг Өргөөд томилон ирүүлжээ. Хаант Оросын армиас Монгол цэргийг сургахаар ирсэн эдгээр 58 сургагч нарын дунд 1921 оны ардын хувьсгалын удирдагч, Оросын цэргийн хамниган бага дарга Дамдины Сүхбаатар байжээ.
-Д.Сүх Монгол Улсад ирсэн даруйдаа 3 настай Галсандэндэв гэдэг хүүтэй Дондооны Нэмэндэйн охин Янжинтай танилцжээ. Н.Янжингийн нөхөр нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцсон ноён хүн байсан бөгөөд Хятад, Оросын тагнуулын байгууллагын хар саварт өртөж хорлогдсон ажээ. Д.Сүх (хожим Д.Сүхбаатар нэртэй болсон), Н.Янжин (хожим Сүхбаатарын Янжмаа болж овог нэрээ өөрчилсөн) нарт сангаас гэр олгосон учир өрх тусгаарлажээ.
- 1917 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр В.И.Ленин тэргүүтэй большевикүүд төрийн эргэлт хийж Оросын хаант засгийг унагаж, Автономит Монгол Улсын цэрэгт сургагчаар ажиллаж байсан 58 цэргийн офицероо эргүүлж татжээ. Яг энэ үед Д.Сүхбаатар нь ардын Хатанбаатар Магсаржавын удирдсан 3000 цэргийн бүрэлдэхүүнд пулемёт бууны салаатайгаа харчин гүн Бавуужавын цэргийн үлдэгдлийг дарахаар хилийн чанадад Хятадын нутагт тулалдаж байсан учир Монгол Улсад үлдэж хоцорчээ.
Хатанбаатар Магсаржав Богд хааны зарлигаар дорнод хил хязгаар нутгаа төвшитгөж, мөн оны арванхоёрдугаар сарын эхээр Нийслэл хүрээнээ эргэж иржээ. Д.Сүхбаатар нь орос нутагтаа буцахаас бултаж, гарал үүслээ нууцалж хамниган буриад биш, хайс овогтой Төгөөгийн Дамдины хүү халх хүн болж хувирсан байна. Гарал үүслээ нууцлахдаа Д.Сүх нэрээ өөрчилж, Д.Сүхбаатар нэртэй болжээ.
Д.Сүхбаатар нь Янжмаагийн төрсөн эцэг Д.Нэмэндэйн хөрш нэг нутаг усны хоосон ядуу айл Төгөөгийн Дамдиныхтай танилцаж хуурай ах дүү болон дотноссон гэдэг. Угийн сэргэлэн залуу болохоор Сүхбаатар нь Цэцэн хан аймгийн ЁСТ бэйсийн хошууны халх хүн болж хувирчээ.
Энэхүү материалыг бичсэн Хёлго бодонгууд Цэдэндоржийн МӨНХДОРЖ
нь их жанжин Д.Сүхбаатарын уг гарвалыг тодруулахаар 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн хөөцөлдөж бичсэн нийтлэлээ “Зууны мэдээ” сонинд 2017 оны гуравдугаар сарын 15-20- ны өдрүүдийн таван дугаар дамжуулан гаргасан. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдөр “Зууны мэдээ” сонины №24 (5731) дугаарт хамниган хүн болох талаар бичсэн юм байна. Одоо 200 хуудас бүхий номыг хамниган судлаач С.Мөнхжаргалтай хамтарч бичээд байгаа ажээ. Дамдины Сүхбаатарын эцгийн овог ба ургийн омгийг мэдэх хүн одоогоор олдоогүй байгаа учир номоо хэвлүүлэх ажил хойшлогдсоор байгаа гэнэ.
Эхний зургийг ийм болгож хожим зассан юм байна.