Бараг бэлхүүс хүртэл гүн усанд зогссон Тувалугийн Гадаад хэргийн сайд Саймон Кофегийн Глазго хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хуралд хэлсэн үг (COP26)
Эх сурвалж: Ройтерс
Бараг бэлхүүс хүртэл гүн усанд зогссон Тувалугийн Гадаад хэргийн сайд Саймон Кофегийн Глазго хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хуралд хэлсэн үг (COP26)
Эх сурвалж: Ройтерс
Усан дор бүрмөсөн алга болж магадгүй 5 улс
Дэлхийн дулаарал нь бүхэл бүтэн улс усанд живж алга болох аюулыг дагуулж байна. Мөсөн голууд их хэмжээгээр хайлж, далайн усны түвшин нэмэгдсэн нь сүүлийн 100 жилд манай гаригт ажиглагдсан дэлхийн дулаарлын хамгийн аймшигтай үр дагавар юм. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор далайн түвшин нэмэгдэж байгаа нь хэд хэдэн жижиг улс бүрмөсөн алга болоход хүргэж болзошгүй байна.
Ийнхүү живих магадлалтай орнуудад Номхон далайн арлын Тувалу, Кирибати, Вануату гэдэг жижиг улс, Энэтхэгийн далай дахь алдартай амралт зугаалгын газар болох Мальдив, Европын өндөр хөгжилтэй Нидерланд зэрэг улсыг оруулсан байна.
Дээр дурдсан арлын орнууд далайн түвшингээс 1-3 метр өргөгдсөн нутагт дэвсгэртэй ажээ.
Харин Нидерландын хувьд нутаг дэвсгэрийн тал хувь нь далайн түвшнээс доогуур оршдог бөгөөд зөвхөн Нидерландын өмнөд хэсэгт газар нутаг нь 30 метр ба түүнээс дээш өндөрт байдаг гэнэ. Ихэнх нам дор газар нь Хойд Голланд, Өмнөд Голланд, Флеволанд мужуудад байдаг аж. Эрт дээр үеэс хүмүүс суурьшлын зориулалтаар хиймэл толгод байгуулж эхэлсэн бөгөөд Дундад зууны үед "доод газар" руу ус нэвтрэхээс сэргийлж янз бүрийн байгууламж далан хаалт барьж байжээ. Өнөөдөр ч гэсэн олон мянган километр далан, хаалт, суваг зэрэг хамгаалалтын системийг барьж байгуулахад чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байгаа ажээ. 2100 он гэхэд дэлхийн далай тэнгисийн түвшин 65-130 см-ээр дээшлэх магадлалтай учраас хамгаалалтын олон байгууламж барихад зориулан жил бүрийн төсөвтөө 1 тэрбум евро гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Үүнээс гадна олон сая хүн амтай асар том хотууд хэсэгчлэн эсвэл бүрэн усанд автах эрсдэлтэй байна. Тухайлбал, 2014 оноос Индонезийн эрх баригчид нийслэлийг 10 сая гаруй хүн амтай Жакартагаас Калимантан арал дээр байгуулах ёстой хиймэл Нусантара хот руу шилжүүлэх төсөл дээр нухацтай ажиллаж эхэлжээ. Энэ алхам нь Ява хотын дэд бүтцийн хэт ачаалал, түгжрэлээс гадна хөрсний их хэмжээний деформацийн улмаас Жакарта хот жил тутамд 5-10 см орчим усанд автах болсонтой холбоотой юм. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл хорин жилийн дотор хотын гудамж талбайн тал орчим хувь нь усанд автах юм байна.
Үүнтэй төстэй таамаглал нь зөвхөн Индонезийн нийслэлд төдийгүй дэлхийн янз бүрийн бүс нутгийн бусад хэд хэдэн мега хотуудад хамаарна. Ийнхүү дэлхийн дулаарлын улмаас усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан Нигерийн Лагос (21 сая гаруй хүн амтай), Бангладешийн нийслэл Дака (16.5 сая хүн амтай), Тайландын Бангкок (10 сая орчим хүн амтай) хотууд бүрмөсөн алга болж магадгүй аж. 2100 онд мөн Техасын Хьюстон, Египетийн Александри, Италийн Венецид ийм хувь заяа учирч болох гэнээ.