Хятадын сансарын станц
Хятадын сансарын станц
Саяхан Хятадын сансарын ачааны хөлөг шинээр байгуулж байгаа Хятадын “Тяньгүн” сансрын станцын байгууламжтай амжилттай залгагдсан байна. Хятадын сансар судлалын CMSA агентлагийн мэдээлснээр, Тяньжоу-4 сансрын ачааны хөлөг төлөвлөгөөний дагуу баригдаж буй сансрын станцын Тяньхэгийн үндсэн модультэй залгагдсан байна. Хятад улс өөрийн шинэхэн тойрог замын станц Тянгүны үндсэн модуль болох Тянхэг 2021 оны дөрөвдүгээр сард хөөргөсөн юм. Энэ онд багтаан хоёр модуль нэмж хөөргөснөөр тойрог замын станц нь бүрэн бүтэн болох ажээ.
Энэхүү ачааны нислэг нь Хятадын сансарын нисэгчдийн гурав дахь багийнхныг сансрын станцад хүргэх бэлтгэл ажил юм. Гурван хүний бүрэлдэхүүнтэй энэ багийнхан сансарт байх хугацаандаа энэ жил дахин 2 модулийг сансарын станцад залгах ёстой. Тус агентлагийн мэдээлснээр 2022 оны сүүлээр дахин бас нэг ачааны нислэг болон өөр нэг нисгэгчтэй нислэг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Дараа нь станцад сансарын 6 нисэгч ажиллаж нийт 66 тонн жинтэй уг станцын барилгын ажлын үе шатыг дуусгах үүрэг хүлээх юм байна.
Ийнхүү Хятад улс нь сансарын тойрог замд өөрийн станцаа байрлуулсан гуравдахь гүрэн болох юм. Хятад Улс 2003 онд анхны сансрын нисэгчээ сансарт хөөргөж байсан бол 2013 онд саран дээр, өнгөрсөн онд Ангараг гараг дээр судалгааны робот станцаа буулгаад байна. Одоо тус улс саран дээр хүн буулгахаар төлөвлөж байна.